
УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд жижиг, дунд, хөнгөн, хүнд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын талаар УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, бусад шийдвэрийн төслийн талаар санал, дүгнэлт гаргаж ажиллажээ. Тус хороо хоёр удаа хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Эрчим хүчний сайдад хандан Хөшөөтийн нүүрсний уурхайг түшиглэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах талаар тавьсан асуулгын хариуг сонсож, мөн Ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай байнгын хорооноос боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцэн баталсан аж. Үүнээс гадна Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлжээ. Мөн Монгол Улсын 2021 оны төсвийн, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт, оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд уламжилсан байна. Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооныхон өнгөрсөн гуравдугаар сард “Блю скай кашемир” ХХК-ийн ноос, ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Монголын ноос, ноолуурын холбооноос боловсруулсан “Ноолуурын салбарыг хөгжүүлэх зорилт, арга хэмжээ”, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос бэлтгэсэн “Ноос боловсруулах салбарыг хөгжүүлэх зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт илтгэлийг сонсон, тус салбарыг хөгжүүлэх талаар санал солилцжээ.
Бэлтгэсэсн Б.Анх