
Сүүлийн саруудад олон улсын жуулчлал сэргэж эхэлсэн талаар Дэлхийн аялал жуулчлалын байгууллага онцлов. Үүнд коронавирусийн эсрэг дархлаажуулалт чухал нөлөө үзүүлсэн гэж тодотгожээ. “Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид “Ковид-19”-ийн эсрэг вакциныг богино хугацаанд бүтээж, дэлхийн өнцөг булан бүрт 3.7 тэрбум тунг нийлүүлээд байна. Түншлэл, гадаад харилцаа, олон улс дахь байр суурь зэргээс хамаараад зарим улс аль нэг төрлийн вакциныг хүлээн зөвшөөрөхгүй, дархлаажуулалтад хамрагдсан иргэдийг хил нэвтрүүлэхгүй буй ч дийлэнх орон тодорхой шалгуур үндэслэн жуулчдыг зорчуулж байна” гэж тус байгууллагаас мэдээлжээ. Тухайлбал, Европын Холбоо “Ковишиелд” вакцин тариулсан жуулчдыг хүлээж авахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэнийг онцлон дурдсан байв. Харин “АстраЗенека”, “Пфайзер”, “Спутник-V” вакцинд хамгийн олон орон итгэл хүлээлгэжээ. Жишээлбэл, 120 орон “АстраЗенека” вакцин хийлгэсэн жуулчдыг хүлээн авахаа мэдэгдсэн бол “Пфайзер”-ыг 90, “Спутник-V”-ийг 70 улс хүлээн зөвшөөрчээ. “Синофарм”, “Модерна”, “Жонсон ба Жонсон”-гийн вакцин сонгосон жуулчдыг 30-55 улс хүлээн авах аж.