
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын “Эксим” банкны ерөнхийлөгч Бан Мүн Гютай уулзлаа. Монгол Улсын Засгийн газар иргэдийнхээ 60 хувийг вакцины бүрэн тунд хамруулсанд баяр хүргэж, энэ оны сүүлч, ирэх оны нэгдүгээр хагаст улс орнуудын эдийн засаг идэвхжих төлөвтэй байгааг ерөнхийлөгч Бан Мүн Гю тэмдэглэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Засгийн газрын албан ёсны тусламж, дэмжлэг Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирснийг өндрөөр үнэлдгээ хэлж, талархал илэрхийлсэн юм.
“Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын үед ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, зээл, тусламжийн төсөл, хөтөлбөрүүд урагшилж байгааг тэрбээр дурдаад, БНСУ-ын Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Солонго 1, 2 орон сууцын хороолол барих”, “Баянголын аманд түрээсийн орон сууц барих”, түүнчлэн “10 аймгийн төвд дулааны станц барих” төслийн ажлыг эрчимжүүлэх шаардлагатайг хэллээ.
БНСУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд цаашид тээвэр ложистик (агаарын чингэлэг тээвэр), уул уурхай (катодын зэс, төмрийн хүдэр боловсруулах үйлдвэр), зам гүүр, дэд бүтэц, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын болон эдийн засгийн томоохон төсөлд анхаарал хандуулж, үр өгөөжтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр талууд тохиров. Мөн “Эксим” банк, Монгол Улсын Хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлж, ажлын хэсэг байгуулахаар болсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт БНСУ ихээхэн туршлагатайг тэмдэглэж, хоёр улс энэ чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Бэлтгэсэн Б.Нандин