
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Шадар сайд С.Амарсайхан цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар танилцууллаа. Энэ сарын 27-ны байдлаар улсын хэмжээнд коронавируст халдварын үед шаардлагатай 38 нэр, төрлийн 4.5, вирусийн эсрэг гурван тэрбум төгрөгийн эмийн нөөцтэй байгаа талаар танилцуулав.
Үүнтэй холбогдуулан хилийн боомт дээр үүссэн бөөгнөрөл саарч, ачаа, тээврийн эргэлт хэвийн хэмжээнд орох хүртэл хугацаанд хүний амь, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг мөн эдийн засгийн болон стратегийн ач холбогдол бүхий бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж буй төрийн өмчит хуулийн этгээд, зарим аж, ахуйн нэгжийн уг ажилд нэн шаардлагатай ачааг зөөж буй тээврийн хэрэгслийг холбогдох төрийн байгууллага, хуулийн этгээдийн хүсэлтэд тулгуурлан дараалал харгалзахгүй улсын хилээр нэвтрүүлэхийг Замын-Үүд хилийн боомтын зөвлөлд даалгасан байна.