
Манай улсад худалдаалж буй шатахууны үнэ энэ сард хоёр ч удаа нэмэгдэж, 2000 төгрөгийг давлаа. ОХУ-ын газрын тосны хэрэглээ өндөр байгаа учир АИ-98, АИ-92 шатахууныг ирэх есдүгээр сарын 1 хүртэл манай улсад нийлүүлэхгүй байхаар болсон юм. Харин манай улсын Засгийн газраас энэхүү гэнэтийн шийдвэрийн эсрэг хариу арга хэмжээ авч, БНХАУ-аас дээрх төрлийн шатахууныг импортлохоор судалж буйгаа мэдээлсэн. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ирэх 2024 он гэхэд газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулна хэмээн мэдээлэв. Тодруулбал, жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг 2024 онд ашиглалтад оруулснаар дотоодын шатахууны хэрэглээний 55-60 хувийг дангаар хангах боломж бүрдэнэ хэмээв. Одоогоор технологийн бус барилга байгууламжийн барилга угсралтын ажил эхэлсэн гэлээ.