
Орон сууцын хороолол дундах тоглоомын талбайд сагс тоглож байсан залуусыг цагдаа баривчилж, зүй бус харилцсан асуудал намжаагүй байтал бас нэг шуугиан дэгдлээ. Цагдаагийн хоёр алба хаагч гавтай иргэнийг нүүр нүдгүй дэлсэж, хоолойг нь боон унагааж, хайр найргүй өшигчиж буйг харуулсан дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд түглээ. Дүрэмт хувцсаар гангарч, албан тушаалдаа аархсан тэдний танхайрал хэдэн минут үргэлжилж, хэрхэн төгссөнийг таашгүй. Балмад цагдаатай таарч, толгой, түрийгүй нүдүүлсэн хоёр залуу бие махбод, сэтгэл зүйгээрээ хэрхэн хохирч, ямар шархтай үлдсэнийг төсөөлөхөд бэрх. 01.15 минут гэдэг хэн нэгний балмад үйлдлийг харж, хүлцэж, бас өвдөлтийг мэдрэхэд дэндүү урт хугацаа аж.
Цагдаагийн албаны тухай хуульд “Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална” хэмээн тусгажээ. Товчхондоо, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийг жинхэнэ утгаар нь мэдэрч, хүндлэх учиртай субъект бол цагдаа. Гэтэл Монголын цагдаа нар өргөсөн тангараг, хүлээсэн чиг үүргийнхээ эсрэг ажиллаад байна уу гэлтэй ёс зүйгүй үйлдэл гаргах нь дэндүү олширлоо.
Тэд иргэдтэй арсалдаж, зодолдож, албан тушаал, эрх мэдлээрээ далайлган сүрдүүлж, танхайрдаг болов. Гутамшигтай агаад эмгэнэлтэй.
Нүд халтирч, сэтгэл өвдөм дүрс бичлэгийг үзсэн монголчууд төрийн алба хаагчдаас ёс зүй, хүнлэг чанар, эрх баригчдаас хариуцлага нэхэж эхлэв. Харин тэд сурсан зангаараа амиа хоохойлж, хэргийг өөрсдөөсөө холдуулах оролдлого хийсээр. Энэхүү баримт цахим сүлжээнд тархсан даруйд Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан, “Цагдаагийн алба хаагчид иргэдийг зодож, танхайрсан асуудлыг яаралтай шалгаж, хуулийн хариуцлага тооцуулах үүргийг Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдад өглөө” хэмээх мэдээлэл цацуулсан бол Х.Нямбаатар сайд “Цагдаагийн байгууллагад хүний эрхийг дээдэлж, хүнлэг, энэрэнгүй байх явдлыг нэн тэргүүнд тавьж ажиллахыг үүрэг болгосоор ирсэн. Намайг ажил хүлээж авахаас өмнөх үеийн бичлэг тарааж, олон нийтийг бухимдуулсанд харамсаж байна…” гэж арьсаа хамгаалав. Ёс зүй, хүнлэг чанарыг алба хаагчдаасаа “шаарддаг” сайд хүний эрх ноцтойгоор зөрчигдсөн үйл явдалд бус, баримт ил болсонд гүнээ харамсжээ. Юутай харамсалтай, бас ичгэвтэр вэ.
Болсон үйл явдалтай холбогдуулан цагдаагийн байгууллагаас маргааш өглөө нь (өнгөрсөн сарын 30-нд) мэдээлэл хийв. ЦЕГ-ын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга Д.Манлайбаатар “Цагдаагийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж буй 01.15 минутын дүрс бичлэгийг Г.Б гэсэн твиттер хуудсаар өчигдөр (өнгөрсөн сарын 29-нд) цацсан. Цагдаагийн байгууллага үүний дагуу хойшлуулшгүй арга хэмжээ авч, дотоод албаны хүрээнд шалгаад, тус үйл явдлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн учир хэргийг АТГ-т шилжүүлсэн. Энэ үйл явдал 2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03.05 цагт Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, Улсын их дэлгүүрийн хойно байрлах цэнгээний газарт болсон юм билээ. Нэр бүхий иргэд үйлчилгээний төлбөр тооцоогоо барагдуулахгүй маргаан үүсгэсэн гэсэн дуудлагын дагуу тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа нар очиж, ажилласан. Энэ үедээ тодорхой хэмжээний зөрчил үйлдсэнийг шалгалтаар тогтоолоо. Тухайн иргэд болон цагдаагийн алба хаагчид ярилцаж, хэргийг бүртгэлд оруулалгүй, нуун дарагдуулсан нь өчигдрийн дүрс бичлэгээр ил боллоо. Хэрэгт холбогдсон цагдаа нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Эрх бүхий байгууллагын нарийвчилсан шалгалтаар бусад зүйл тодорхой болно” гэсэн юм. Түүнчлэн “Цагдаатай холбоотой ёс зүйн асуудал үеийн үед хөндөгдсөөр ирсэн” хэмээн салбарынхаа болон алба хаагчдынхаа алдаа дутагдлыг хүлээн зөвшөөрөөд, “Үүрэг гүйцэтгэх явцад хувь хүний зан авирын онцлог илэрч, уурлаж, бухимдах тохиолдол бий. Энэ бүхнийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхийн тулд, ийм алдаа гаргахгүйн төлөө олон талын арга хэмжээг төв байгууллагаас авч байна” гэж мэдээллээ. Иргэдийн эрхэд халдаж, танхайрсан цагдаа нар ямар албан тушаалтай байсан, ийм хэрэгт ямар ял оноох хуультайг сэтгүүлчид түүнээс ам уралдан асуухад тодорхой зүйл хэлээгүй бөгөөд “Хохирогчид энэ хугацаанд гомдол огт гаргаагүй” гэдгийг дөвийлгөв. Иргэн цагдаагийн биед халдсан тохиолдол гарахад мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг үл харгалзан “Гурван жил хорих ял оноох хуультай” хэмээн “ял уншсан” албан тушаалтнууд өдгөө эсрэг нөхцөл үүсэхэд “Эцсийн шийдвэрийг шүүхийн байгууллага гаргана” хэмээн мэдэн будилж суугаа нь гутамшигтай.

Эл дүрс бичлэг цахим сүлжээгээр түгсний дараа бас нэг цагдаагийн танхайрал ил болов. Нийслэлийн Цагдаагийн газрын Албадан саатуулах, баривчлах төвд үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч иргэний биед халдсанаас хохирогч нас баржээ. “Алба хаагч гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон тул ял шийтгэл эдэлж буй” гэх албан ёсны тайлбарыг ЦЕГ-аас өгсөн байна. Хачирхалтай нь, энэ үйл явдал мөн хоёр жилийн өмнө болжээ. Алба хаагчид энэ мэтээр танхайрч, иргэдийн аминд хүрсэн тохиолдол шил шилээ даран гарсан байхад цагдаагийн байгууллагынхан нэгийг нь мэдэлгүй өнгөрөөж, нөгөөг нь “чимээ шуугиангүй” шийдсэн болж таарав. Магадгүй сүүлд илэрсэн, хоёр алба хаагчид холбогдох хэргийг ч удирдах албан тушаалтнууд мэдсэн, нуун дарагдуулсан байж болзошгүй гэх хардлага эрхгүй төрөв.
Цагдаагийн алба хаагчийн ёс зүйгүй үйлдлийг илчилсэн хоёр дүрс бичлэг ойрхон хугацаанд түгсэнд олон нийт янз бүрийн таамаг дэвшүүлж байна. Шатахууны үнийн өсөлттэй холбоотой шуугианыг намжаах гэсэн оролдлого гэнэ. Салбарын сайд болон цагдаагийн байгууллагын удирдлагыг “унагаах”, зохион байгуулалттай хэрэг гэх. Бичлэгийг олон нийтэд хүргэсэн зорилго нь ямар байлаа ч гэсэн эл үйл явдал цагдаагийн байгууллагад, цаашлаад төрийн албанд бугшсан “идээ бээр”-ийг олонд үзүүллээ. “Алба хаагчийн ёс зүйтэй холбоотой асуудал үеийн үед хөндөгдөж ирсэн”, “Хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотойгоор цагдаа нарыг сэтгэлзүйчтэй болгосон” хэмээн хээвнэг ярьж зогсох албан тушаалтнуудыг суудлаас нь буулгаж, шат шатанд нь хариуцлага үүрүүлэх хангалттай шалтгаан бийг баталлаа. Ажилдаа ялархдаг, бусдын бие махбод, сэтгэл зүйд хохирол учруултлаа бухимддаг, албан тушаалдаа эрддэг алба хаагчдад цагдаа хэв журам сахиулагч, олон нийтийн аюулгүй байдлыг хангагч болохоос биш, хүмүүжүүлэгч, онцгой эрх дархтан биш гэдгийг сануулъя. Зөвхөн тэдэнд ч бус, ардчилсан улсад аж төрж буй иргэн бүр үүнийг мэдэж байх учиртай.
Манайд нэг муухай хандлага бий. Иргэд нь цагдаа, хуулийн байгууллагынхны өмнө бөхөлздөг зуршилтай. Цагдаа гэхээр л бүхнээс дээгүүр, бүхнийг шийдэгч гэсэн байр сууриас харж, ханддаг. Монголын нийгэмд олон жил амь бөхтэй зууралдсан энэ гаж “тогтолцоо” хуулийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх зарчмыг алдагдуулж, хууль сахиулагчдын ёс зүйгүй байдлыг өөгшүүлж, тэднийг иргэдийн толгой дээр гаргажээ. Эцэст нь тэд хаа дуртай газартаа хэн нэгнийг зодож, хохироов. Иргэний аминд ч хүрлээ. “Монголын цагдаа хоёрхон биш шүү” хэмээн залуустай арсалддаг, өөрийгөө ХЗДХЯ-ны мэргэжилтэн, төрийн тусгай албаны ажилтан гэж худал хэлэн, замын хөдөлгөөнд оролцож буй жолоочийг сүрдүүлдэг алба хаагчидтай болов. Угтаа бол тэд та, бидний төлсөн татварын мөнгөөр цалинждаг төрийн алба хаагч юм.
“Уулын мод урт, богино. Хоёрхон хүний үйлдлээс болж, цагдаагийн нийт бүрэлдэхүүнийг харлуулж болохгүй. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино” хэмээн улиг болсон үгээр энэ явдлыг хаацайлах хүн олон байна. Ийм хэрэг ил, далд хэчнээн гарч буйг, хэдийг нь хуулийн дагуу шийдсэн, эсэх талаар мэдээлэлгүй, төсөөлөлгүй байж ийм уянгын халилтай зүйл ярьж, ёс зүйгүй алба хаагчдын толгойг илэх нь дэндүү зохисгүй юм.
Цагдаагийн алба хаагч хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадлага хэрэглэх эрхтэй. Хууль бус үйлдлийг таслан зогсоохын тулд тусгай хэрэгсэл хэрэглэж, үйлдлийг нь хязгаарлах зорилгоор ийм ажиллагаа явуулдаг. Нэгэнт хязгаарлалт тогтоосон бол албадлагын шинжтэй ямар нэг үйлдэл хийхийн хориглодог гэдгийг ХЭҮК-ын гишүүд тайлбарлалаа. Өнгөрсөн сарын 29-нд түгсэн дүрс бичлэгийг тэд “Гэмт хэргийн шинжтэй үйлдэл. Хоёр жилийн дараа илэрсэн нь харамсалтай. Алба хаагчид энэ хугацаанд хэчнээн хүнтэй ийм байдлаар харилцсаныг тооцоолох аргагүй” гэв. Тус байгууллагад цагдаагийн алба хаагчийн хууль бус үйлдэлтэй холбоотой гомдол жилд дунджаар 50 орчим ирдэг аж. Гэхдээ энэ тоо ёс зүйгүй, танхай алба хаагчдын бодит байдлыг илчлэх хангалттай үзүүлэлт биш юм.
Нэгэн өмгөөлөгч “Содномдаржааг унтуулахгүй явган суулгаж, хааяа нэг заамдан, сүрдүүлж буй дүрс бичлэгийг үзэж чадахгүй, уйлсан УИХ-ын гишүүд, сайд нар энэ удаагийнхыг хараад, ухаан алдаж унасан байх. Өдийд сэрсэн байлгүй. Ямар нэг мэдэгдэл хиймээр юм даа” хэмээн одоогийн нөхцөл байдлыг даапаалан бичжээ. Амаржсан эхийг эмнэлгээс нимгэн хувцастай гаргалаа хэмээн эмч, эмнэлгийн ажилтнуудын өмнөөс бурууг нь хүлээж, огцордог “хариуцлагатай нь дэндсэн” Засгийн газар, улстөрчидтэй оронд энэ явдал “цочроо” болсон нь лавтай. Тэд шинэ долоо хоногийн эхний өдрүүдэд энэ сэдвээр сенсац тарьж, баахан хүмүүсийг сандаргах нь маргаангүй. Гэхдээ олон нийт энэ удаа танхай алба хаагчдыг ажлаас нь түдгэлзүүлсэн, торгосон, хохирогчдоос уучлал гуйж, буруугаа хүлээсэн гэдэг мэдээ бус, хуулийн салбар, төрийн албаны гажуудсан тогтолцоог өөрчлөх “том” шийдлийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хариуцсан салбараас хүлээж байгаа. Ийм хэрэг дахин гарахгүй байх хууль ёсны, зөв, иргэндээ ээлтэй тогтолцоог хүсэж байна.
Бэлтгэсэн Б.Мишээл