
Афганистаны Герат, Лашкаргах, Кандагар гэсэн гурван том хотыг эзлэхээр “Талибан” хөдөлгөөний босогчид тус улсын өмнөд, баруун нутгаар давшиж байна. АНУ-ын цэрэг Афганистанаас гарч эхэлснээс хойш тэд дотоодын армийн байршлуудын эсрэг ажиллагаа явуулж буй юм. Одоо талибууд тус улсын нутаг дэвсгэрийн 50 орчим хувийг эзэлжээ. Гэхдээ нэг ч том хотыг тэд эзэлж чадаагүй байгаа аж.
Кандагар дахь дүрвэгсдийн хуаранд одоо 11 мянган өрх аж төрж байна. Тус хотыг хэт давруу үзэлтнүүд эзлэх аюултай байгааг парламентын гишүүн Гуль Ахмад Камин ВВСгийнхэнтэй уулзахдаа мэдэгджээ. Түүний хэлснээр талибууд Кандагарыг түр нийслэлээ болгохоор төлөвлөж байна. Хэрэв эл хотыг талибууд эзэлбэл Афганистаны Засгийн газар баруун өмнөд нутгийнхаа 5-6 мужийг босогчдод алдах аж. Ийм ширүүн дайралтыг 20 жил үзээгүй хэмээн Гуль Ахмад Камин ярьжээ. Босогчид хэдэн талаас довтолж байгаа бөгөөд тэд тус хот руу орвол энгийн иргэд амиа алдах эрсдэлтэй тул цэргийнхэн зэвсэг хэрэглэх боломжгүй гэнэ.
Баруун хойд нутгийн Гератад мөргөлдөөн хурцдаж, босогчид хотын өмнө талаас нэвтэрчээ. Таван газарт өдгөө байлдаан болж буй. АНУ-ын Агаарын цэргийн хүчин талибуудын байршилд цохилт өгч байна. Мөн Засгийн газрын цэргийнхэн Гератын нисэх буудлыг хамгаалж чадсан гэнэ. Тус хотын оршин суугчид ч зэвсэг барин тэмцэж байгаа аж. Афганистаны дайны үеэр Зөвлөлтийн цэргийн эсрэг байлдаж явсан можахедуудын удирдагч Исмаил-хан хотоо хамгаалахад туслахын тулд сайн дурынхныг нэгтгэжээ. Гельменд мужийн нийслэл Лашкаргахад босогчид Засгийн газрын байрнаас 100 метрийн зайтай очсон байна. Мөргөлдөөн оргилдоо хүрээгүй ч талибууд исламын улсаа сэргээн босгохыг санаархаж байгааг Афганистан дахь Европын Холбооны тусгай элч Томас Никлассон ВВС-д мэдэгджээ.