
Жүжигчин, найруулагч Б.Батбаатартай тун удахгүй үзэгчдэд хүргэхээр зэхэж буй “Цасан хүн” киноных нь талаар цөөн хором ярилцлаа.
-“Цасан хүн” киноны зохиолыг та өөрөө бичсэн үү. Киноны зургийг хэдий хэр хугацаанд, хаана авч дуусгав?
-“Тоонот” пикчерс байгуулан уран бүтээлээ туурвиж байна. “Цасан хүн” киноны зохиолыг Д.Отгонцэцэг бичсэн. Зургийг нь сар гаруйн хугацаанд Улаанбаатар хотод авч дуусгасан. Энэ сарын 20-ноос үзэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй.
-Киноны гол дүрүүдэд ямар уран бүтээлчид тоглосон бэ. Ямар шинэ, сонирхолтой багтай хамтрав?
-Ерөнхий зураглаачаар Э.Очгэрэл, зураачаар Г.Энхболд, гэрлийн найруулагчаар Ш.Батбаяр, дууныхад С.Нэргүй, нүүр хувиргагч Э.Оюун-Эрдэнэ нарын туршлагатай чадварлаг уран бүтээлчтэй хамтран ажиллалаа. Өмнө нь олон уран бүтээлд гар нийлэн ажиллаад дадчихсан хамт олон. Киноны дүрүүдэд Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг, Ж.Оюундарь, жүжигчин Н.Ялалт, Д.Оюунтуул, Д.Мөнхтөмөр, А.Алтанхуяг, О.Самданпүрэв нар тоглосон.
-Найруулагч Томас Алфредсоны “Цасан хүн” гэж адалт явдалт төрлийн кино байдаг. Харин танай кинонд юуны тухай өгүүлэх вэ. Ямар төрлийнх вэ?
-Томас Алфредсоны “The snowman” бол гэмт хэргийн болон триллер төрлийн кино. Уг бүтээлтэй нэр ижил боловч төрөл, сэдэв, утга агуулга огт өөр гэдгийг хэлье. Манай кино уянгын төрлийнх. Нэг л мэдэхэд бид ганцаараа үлддэг. Ганцаардалтай нүүр тулж, түүнээс гарахын тулд ямар нэгэн арга зам хайдаг. Гэтэл өнөөдөр бид хамгийн ойр дотнын хүмүүсээсээ холдож, нэгнээ сонсож, ойлгох нь улам багассаар л байна. Энэ тухай “Цасан хүн”-д өгүүлнэ.
-Үзэгчид таныг адалт явдалт, тулаант төрлийн кинонд тоглодог, найруулдгаар тань мэднэ. Киноны энэ төрөлд яагаад илүү сонирхолтой байдаг юм бэ?
-Хүүхэд байхаасаа л адал явдалт, тулаант кино үзэж өссөн, дуртай байсан минь нөлөөлсөн байх. Тийм ч учраас энэ төрлийн кинонд түлхүү тоглосон болов уу. Харин одоо бол киноны олон төрлөөр, сонин содон, шинэлэг байдлаар хийхийг хүсдэг.
-Та “Цасан хүн”-ээс гадна БНСУын уран бүтээлчидтэй хамтран бүрэн хэмжээний хоёр ч уран сайхны кино бүтээчихсэн байгаа юм билээ. Тэдгээрийгээ яагаад үзэгчдэд хүргэхгүй байгаа юм бэ. Ямар уран бүтээлүүд бол?
-БНСУ-ын найруулагч Жан Ю Кён, Пак Жэ Хүүн нарын уран бүтээлчтэй хамтран “Сүүдрээр гэтэгч”, “Six demons” адал явдалт, уран зөгнөлт төрлийн кино бүтээж, үзэгчдэд хүргэхэд бэлэн болгосон. Гэвч цар тахлаас болоод нээж чадаагүй байна.
-Тус уран бүтээлүүдэд Өмнөд Солонгосын олны танил жүжигчид тоглосон гэсэн. Гадаадын алдартай уран бүтээлчдэд санал тавихад хэрхэн хүлээж авав. Хамтран ажиллах ямар байв?
-Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан бүтээл учраас жүжигчид саналыг таатай хүлээж авсан. Монголд ирж киноны зургаа авхуулахдаа ч дуртай байсан. “Мэдрэхүй”, “Жааз”, “Аав” зэрэг 20 гаруй телевизийн олон ангит, “Мөрөөдөл биелнэ”, “Уран зөгнөл” гэхчлэн мөн л 20 шахам бүрэн хэмжээний уран сайхны киноны гол болон туслах дүрд тоглосон Пак Жэ Хүүн, телевизийн олон ангит киноноос гадна “Хайрын хичээл”, “Өдрийн тэмдэглэл”, “Өндөрт нис”, “Гүйгч эр”, “Хөлдүү цэцэг”, “Пандора” зэрэг киногоор нь үзэгчид эчнээ мэдэх Мин Жи Хюк нартай ажиллалаа. Мөн Өмнөд Солонгосын И Сол Гү, Жи Дэ Хан нарын туршлагатай, ахмад жүжигчидтэй нь ч хамтарлаа. Түүнчлэн яг одоо үзэгчдийг дэлгэцэд уяж буй “The penthouse” цувралд тоглосон Ан Ён Хун жүжигчинтэй ажиллалаа.
-Дараагийн төлөвлөсөн уран бүтээлийн сониноосоо хуваалцаач?
-Түүхэн кино бүтээх бодол тээсээр олон жил болж байна. Тэгэхээр энэ бодлоо ажил болгохыг зорино доо.