
Гучин жилийн өмнө Токио хотод түүхэн дэх магадгүй хамгийн агуу 100 метрийн уралдаан болсон билээ. АНУ-ын домогт гүйгч К.Льюис тус зайг 9.86 секундэд туулж, дэлхийн дээд амжилт тогтоож байв. Түүний дараа барианд орсон гурван тивийн шилдэг зургаан гүйгчийг ердөө хэдхэн доль зааглаж байсан түүхтэй.
Тэгвэл ийм түүх Токиогийн олимпын наадмын эмэгтэйчүүдийн 100 метрийн гүйлтэд давтагдах магадлал нэг сарын өмнө байсан юм.
Нэг талаас АНУ-ын 21 настай залуу од Ш.Ричардсон, нөгөө талаас хашир туршлагатай супер од Ф.Прайс болон Британийн найдвар Д.ЭшерСмит, өмнөх олимпын аварга, гэхдээ сүүлийн үед гэмтлээс салаагүй Элайн Томпсон, ид формтой байгаа Нигерийн Б.Окагбаре, 400 метрийн гүйлтээ 100 метрийнх болгож “багасгасан” Ш.Жэксон нарын хэн нь ч энэ зайд алтан медаль авах боломжтой гэгдэж байв.
Гэвч хөнгөн атлетик сонирхогчдын хүсэн хүлээсэн ийм финал харамсалтай нь болсонгүй. Ш.Ричардсон каннабис хэрэглэсний улмаас Токиог зорих эрхгүй болж, Б.Окагбаре уралдааны өмнөх өдөр авсан сэргээшийн шалгалтад унаснаар хасагдаж, уралдаан эхлэхээс хэдхэн цагийн өмнө Эшер-Смит гуяндаа зовуурь мэдэрснээр алтан медалийн төлөөх өрсөлдөөнөөс хасагдав. Ингэснээр Э.Томпсон, Ф.Прайс гэсэн хоёр гол “од” тунаж үлдлээ.
Гэвч 100 метрийн финалын гүйлтэд Э.Томпсон шилдэг нь байсан юм. Түрүүлэх түрүүлэхдээ тэрбээр 10.61 секундийн амжилтаар олимпын наадмын шинэ дээд амжилтыг тогтоов. Ийнхүү ямайк гүйгч 1988 оны Сөүлийн олимпод алдарт Ф.Гриффит-Жойнер тогтоож, 33 жил босоо байсан 10.62 секундийн дээд амжилтыг эвдсэн юм. Түүнчлэн Э.Томпсон 2016 онд 10.70 секундийн амжилтаар Риогийн олимпод түрүүлсэн амжилтаа шинэчиллээ. Эл зайд мөнгө, хүрэл медалийг Э.Томпсоны нутаг нэгт Шелли-Энн Фрейзер-Прайс, Шерика Жексон хүртжээ.