
"Лондон-2012" олимпын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин С.Батцэцэг чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-д зодоглож буй. Өнөөдөр тэрбээр Оросын бөх Ханум Вальеваг 8:5-аар ялж, шөвгийн дөрөвт шалгарсан. Үдээс хойш финалд шалгарахын төлөөх барилдааныг тэрбээр Нигерийн бөх, Африк тивийн 10 удаагийн аварга Блессинг Оборудудутай хийв. Тэрбээр эхний үед 0:7 гэсэн онооны зөрүүтэй ялагдсан. Хоёрдугаар үед С.Батцэцэг эхэлж хоёр оноо авсан ч туршлагатай бөхөд ялагдлаа. Дасгалжуулагч нар Нигерийн бөхийг маш их бяртай, хашир гэж ярьсан нь зүй ёсоор боллоо. Маргааш С.Батцэцэг хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Тодруулбал, ДАШТ-ий хүрэл медальт Азербайжаны Э.Манолова, Азийн наадмын мөнгөн медальт Кыргызстаны М.Жуманазарова нарын ялсантай хүрэл медалийн төлөө барилдах болно. Медалийн төлөөх барилдаанууд маргааш 17.15 цагаас эхлэх бөгөөд манай бөх 13 дахь барилдаанд дэвжээнд гарах юм.