
Ховд аймгийн Чандмань сумын Дөргөн хатан гэх газар орчмын Дөргөн нуурт 12.30 цагт хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр 13.59 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар онцгой байдлын газрынхан дээрх газарт очиход аяллаар явж байсан иргэдийн нэг нь нуурын усанд сэлэх гэж ороод осолдсон байсан гэнэ.
Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 240 км замыг туулан 18.30 цагт дээрх газарт очиж, 30 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 18.38 цагт “Дөргөн” нуурын эргээс 30 метрийн зайтай, таван метрийн гүнээс цогцсыг гарган авсан байна. Дараа нь тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчид цогцсыг шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.