
Манай улсын 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой, аюулын зэрэглэл өндөр буй. Гэвч иргэд эл амьтныг хууль бусаар агнах, худалдах, тээвэрлэх зөрчил үйлдэж, өөрийн болон бусдын эрүүл мэнд, аминд аюул учруулах тохиолдол цөөнгүй гарч байгааг МХЕГ, ЗӨСҮТ-өөс мэдээлсэн. Тэгвэл БОАЖ-ын сайд Н.Уртнасан тарваган тахлын эрсдэлийг бууруулах шийдвэр гаргажээ. “Хулгар шар”-ыг үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнахыг гурван жилийн хугацаатай хоригложээ. Тодруулбал, эл тушаал 2024 оны наймдугаар сар хүртэл хүчинтэй гэсэн үг.
БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол 2017 онд мөн ийм тушаал гаргасан бөгөөд өнгөрсөн жилийн намар хүртэл хүчинтэй байсан юм. Харин шинэ сайд үүнийг үргэлжлүүлэх шийдвэрийг жил орчмын дараа гаргав. Тарвага агнахыг хориглосноор тахлын эрсдэлийг бууруулаад зогсохгүй эл амьтны тоо толгой, нөөцийг тогтвортой байлгахад чухал нөлөөтэй гэж үзжээ. Энэ хүрээнд тоо толгой, тархцын судалгаа, халдварт өвчний голомтын тандалтыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж, тушаалын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.
Бэлтгэсэн Ж.Мишээл