
Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооноос Гадаад харилцааны яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгтэй хамтран урд хөршийн Тяньжины боомтод бөөгнөрсөн чингэлгийг татан авах гарц шийдлийг гарган ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Манай талаас тодорхой саналууд гаргасан агаад өмнөд хөршийн холбогдох байгууллагуудын шийдвэрийг хүлээж байгаа аж. Одоогоор Тяньжины боомтод Монгол Улс руу ачигдахаар хүлээж байгаа вагон захиалгад орсон 4260 чингэлэг байгаа гэнэ. Тус боомтод тавдугаар сард авчирсан импортын чингэлгүүд бүрэн ачигдаж дуусаагүй байгаа аж. Мөн зургаа, долдугаар сард авчирсан нь ачигдаж эхлээгүй гэнэ. Энэ нь Хятадын төмөр замын вагоны хангалт хүрэлцээгүй байгаагаас үүджээ.
Замын-Үүдийн хилийн боомт өдөрт импортын чингэлгийн 1-2 галт тэрэг хүлээн авч буй юм байна. Нэг галт тэрэг 40-62 чингэлэг ачаа тээвэрлэн ирж буй гэнэ. Тяньжин дахь чингэлэг бөөгнөрсөн тул далайн тээвэрлэгч COSCO компанийн шийдвэрийн дагуу Улаанбаатарт хүргэх ачааг тээвэрлэхээ тодорхойгүй хугацаагаар зогсоох болсноо Тайланд, Сингапур, Вьетнам, Малайз, Тайвань дахь агентуудаас мэдэгдэж эхэлснийг Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооныхон дуулгав.