
УИХ-ын намрын чуулганаар 73 хуулийн төсөл хэлэлцэхээр тогтоол баталсан. Мөн одоо хэлэлцэж байгаа хуулийн төслүүдийг үргэлжлүүлэхээр болсон юм. Цахим шилжилттэй холбоотойгоор Хувь хүний мэдээлэл хамгаалах, Нийтийн мэдээллийн, Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьсан бөгөөд яаралтай батлах ёстой ч хаврын чуулганаар эхний хэлэлцүүлгийг нь л хийж амжсан билээ. Төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах ажлыг урагшлуулах үндэс нь хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх явдал тул намрын чуулганы эхэнд эдгээр хуулийн төслийг хэлэлцэх болов уу. Түүнчлэн боловсролын реформ хийх үүднээс өргөн бариад буй Боловсролын багц хуулийн төслийг яаралтай хэлэлцэх учиртай. Үүнд судалгааны их сургууль байгуулах, дээд боловсролыг шинэчлэх, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагааг өргөжүүлэх, цэцэрлэг, бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэхтэй холбоотой хуулиуд багтаж буй юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн нэн тэргүүнд батлах учиртай, УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг одоо хүртэл эцэслэн хэлэлцээгүй. Хууль тогтоомжийн биелэлтийг шаардах, хянан шалгаж, илэрсэн зөрчлийг арилгуулах чиглэлээр УИХ-ын бүрэн эрхийг өргөжүүлэх уг хуулийг намрын чуулганы эхэнд “сөхөж харах” бололтой.
Намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн хууль тогтоолын төслүүдийн эхэнд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга багтжээ. Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, түүгээр үйлчлэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан уг хуулийг хэлэлцэхийг нь өнгөрсөн гуравдугаар сард Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн билээ. Түүнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх зорилгоор Ашигт малтмалын, Байгаль орчны, Газрын багц хуулийн төслийг энэ намартаа багтаан батлахаар төлөвлөжээ. Үндсэн хуулийн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ. Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан. Иргэн бүр байгалийн баялгаасаа ашиг хүртэх боломж бүрдэнэ гэх тодотголтой уг өөрчлөлт дээрх гурван хуулийг баталснаар “амилах” юм.
Мэдээж ирэх оны төсвийг намрын чуулганаар хэлэлцэнэ. Коронавируст халдварын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг зургадугаар сард сунгах үеэр уг хуулиар төсөв, санхүүгийн бодлогыг ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ-ын хараа хяналтаас гаргаж, Засгийн газарт бүх эрхийг нь шилжүүлсэн гэж зарим гишүүн шүүмжилсэн удаатай. Гэвч олонхын саналаар “Цар тахлын хууль”-ийн хугацааг энэ оныг дуустал сунгасан юм. Тэгэхээр төсөв батлах үед УИХ, Засгийн газрын хооронд энэ асуудал дахин сөхөгдөж, нэлээд маргаан дагуулах болов уу.

Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг яаралтай өргөн барихыг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооныхон Засгийн газраас шаардсан ч хаврын чуулганы хугацаанд амжиж хэлэлцүүлсэнгүй. Намрын чуулганы эхэнд үүнийг хэлэлцэх бөгөөд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, тэтгэвэр өвлөгддөг болно гэсэн хүлээлт үүсгэсэн уг төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын өргөн барьсан Хамтын тэтгэврийн тухай хуультай нэгтгэн хэлэлцэнэ.
Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуультай болно гэж УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ чуулганы хуралдааны үеэр удаа дараа мэдэгдэж байсан. Тэгвэл намрын чуулганаар үүнийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд Ёс зүйн дэд хорооноос Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болгож өргөжүүлсний үр дүнг үүнд л гаргана гэж найдах. Төрийн албан хаагч бол дарга биш, иргэдэд үйлчилдэг нийтийн алба гэдгийг нь ойлгуулах зорилготой энэхүү хуулийг баталж, сахилга хариуцлагыг дээшлүүлэх нь эрх баригчдын мөрийн хөтөлбөрт тусгасан ажил билээ.
Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамныхан боловсруулж буй. Төрийн бус байгууллагуудын тоог цэгцлэх, тухайн салбарыг хамарсан нэг л нэгдсэн холбоог бий болгож, төрийн ажил, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх зорилготой энэхүү хуулийн төслийг УИХ хэлэлцэх аж.
Үндсэн хуульд оруулсан, засаг захиргааны шинжтэй нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын, Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан. Харин одоо улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот бий болгох, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даалган хөгжүүлэх зорилготойгоор Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд намрын чуулганаар хэлэлцэн, батлах нь гарцаагүй билээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэрхэн шинэчлэх нь олон нийтийн сонирхлыг татаж буй. Үндсэн хуулийн 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан. Энэ зүйл гэдэгт нь хориг тавих, бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх, гадаад харилцаанд улсаа төлөөлөх, Элчин сайд нарыг УИХ-тай зөвшилцөн томилох, төрийн дээд одон, медалиар шагнах, уучлал үзүүлэх, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, зэвсэгт хүчний ерөнхий командлагч байх зэрэг чиг үүрэг багтаж буй юм. Улс төрийн намын тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагаагүй аж. Гэхдээ Үндсэн хуульд оруулсан, улс төрийн намыг ил тод, нээлттэй болгох, төлөвшүүлэх, бодлого дэвшүүлж ажилладаг намыг улсын төсвөөс санхүүжүүлэхтэй холбоотой заалтыг “амилуулах” үүднээс уг хуулийг шинэчлэх ёстой. Чуулган бүрээр хэлэлцэхээр төлөвлөдөг ч “сугарч үлддэг” хуулийн төслүүдийн нэг нь энэ билээ.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өргөн мэдүүлсэн болон Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ-ын гишүүдийн санаачлан боловсруулсан хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг тухай бүрт нь буюу УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн саналыг харгалзан УИХ-ын дарга шийдвэрлэх аж.