
БНЭУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2018 оны нэгдүгээр сарын 15-нд баталснаар бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Тус яамнаас газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн явцын талаар мэдээлэл өгөв. Үйлдвэрийн инженерчлэл, зураг төсөл боловсруулах ажлыг үе шаттайгаар хийж байгаа аж. Технологийн бус байгууламжийн ажлын гэрээг 2020 оны аравдугаар сарын 13-нд байгуулж, ажлыг 2021 оны гуравдугаар сард эхлүүлсэн байна. Түүнчлэн технологийн байгууламжуудын барилга угсралтын ажлын ерөн хий гүйцэтгэгчийн урьдчилан сонгон шалгаруулалтыг зарлажээ. Үйлдвэрийн ажилчдын байрлах 550 айлын хотхоны эхний ээлжийн орон сууцны барилгын ажил 90 хувьд хүрсэн гэнэ. Төмөр зам, авто зам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн ажил нь дууссан байна.
Уг үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж, евро-5 стандартын бензин 339, дизель түлш 824, онгоцны түлш 80, шингэрүүлсэн шатдаг хий 43, зуухны түлш 47 мянган тонныг үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм. Төслийн бүтээн байгуулалтын хугацаанд 6000 хүнийг ажлын байраар хангах тооцоо бий. Үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 600 тогтмол ажлын байр бий болж, шатахууны дотоодын хэрэгцээний 55-60 хувийг хангана. Үүнээс гадна шатахууны үнэ импортынхоос 15-20 хувь хямд байх боломж бүрдэх юм. Түүнчлэн нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болж, гадаад худалдааны ашгийг нэг тэрбум орчим ам.доллароор нэмэгдүүлэх тооцоолол бий.