
Сүүлийн үед хотын төвд, байршил сайтай байр худалдан авахад урьдчилгаа 50 хувиас дээш эсхүл бүрэн төлөхийг шаарддаг болсон байна. Мөнгөний хэмжээг бүхлээр нь төсөөлж бодохоор хүрч чадахгүй өндөр оргил мэт боловч, хэсэгчилж, хувааж, тооцоолбол боломжгүй зүйл биш бөгөөд таньд байрны урьдчилгаа цуглуулах 6 аргыг санал болгож байна.
1. Зардлаа танах
Тэмдэглэлийн дэвтэртээ эсхүл ухаалаг аппликейшн ашиглаж, өдөр тутмын зардал бүрээ тэмдэглээрэй. Ингэснээр ашиггүй, үрэлгэн зардлаа танах боломжтой. Мөн дараах арга хэмжээг авахыг санал болгож байна.
- Хүнсээ долоо хоног бүр бөөний үнээр авах,
- Хаягдал хоол унд гаргахгүй байх,
- Гадуур хоололтоо багасгах,
- Байр, тог, СӨХ-ийн мөнгөө цагт нь төлөх. Ингэснээр алдангид орохгүй байх боломжтой.
- Хоёрыг авбал гурав дах нь үнэгүй гэх мэт маркетингт хууртагдахгүй байх,
- Аль болох таксидахгүй байх
Хэрвээ та сард 200 мянган төгрөг хэмнэж чаддаг болчихвол жилд 2.4 саяыг хуримтлуулчихна гэсэн үг.
2. Санхүүгийн тооцоотой болох
Орлогоо хаашаа юунд урсаж байгааг ангилах хэрэгтэй. Зайлшгүй төлөх шаардлагатай 3-5 ангилал үүсгэж, зардал гаргаж байгаарай. Жишээлбэл, хоол хүнс бол зайлшгүй ангилалд багтана. Ингэснээр мөнгөний орох, гарах урсгалыг хянахад хялбар болж, таг мөнгөгүйдэх, хадгаламжид мөнгөө цуглуулахгүй өнгөрөхөөс сэргийлнэ.
3. Орлогын олон эх үүсвэртэй болох
Таны мэргэжил, ур чадвар, хоббиноос хамааран хоёрдогч орлогын эх үүсвэр тань хувьцааны зах зээл, төсөл бичих, контент бүтээх, вэб сайт хийх гээд төрөл бүрийн бүтээлч зүйлч байх боломжтой. Ялагуяа онлайнаар хийх боломжтой ажлууд нь цаг, байршлын хувьд уян хатан тул үндсэн ажилд саад болохгүй ажлыг сонгож хийж болох юм.
4. Үндсэн орлогоо ч бас өсгө
Өндөр бүтээмжтэй байх нь амаргүй ч гэлээ танаас бүх зүйл хамаарна. Байгууллагдаа хөгжил дэвшил, ахиуц ашиг, орлого авчрах боломжуудыг олж харж, ажил хэрэг болгож, бас үүнийгээ удирдлагадаа ойлгуулж, дэмжлэгийг нь авч чадах нь чухал.
5. Хадгаламжтай болох
Банк орох, мөнгө шилжүүлэхээс хүн төвөгшөөдөг, мартдаг, хойшлуулдаг, тэр хооронд үрчихдэг тул тогтмол шилжүүлгийн үйлчилгээнүүд авах нь үр дүнтэй. Цалин орсны дараа тодорхой дүн автоматаар шилжинэ гэсэн үг. Аливаа хуримтлал удаан хугацаанд бий болдог тул макро эдийн засгийн нөлөөллүүдийг тооцох нь зүйтэй. Ялангуяа үл хөдлөхийн үнэ, өртөгт эдийн засгийн хямрал, валютын ханшны өөрчлөлт шууд нөлөөлдөг. Валютын ханшны алдагдлаас сэргийлэхийн тулд хүү багатай ч гэсэн эрсдэл багатай тул хадгаламжийнхаа тодорхой хэсгийг хатуу валютаар хийж болох юм. Хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй бол хадгаламжийнхаа тодорхой хэсгийг хувьцаа, үнэт цаас, бонд, магадгүй крипто валютын хэлбэрээр байршуулж болох юм. Гэхдээ ийм төрлийн санхүүгийн хэрэгслүүд банкны хадгаламжаас илүү өгөөжтэй байж чаддагийн хэрээр алдах эрсдэл илүү өндөр байдгийг анхаараарай.
6. Зорилгоо битгий март
Мэдээж хэрэг мөнгө цуглуулах амаргүй. Өөрийн гэсэн үл хөдлөхтэй болоход адил алсын хараа, зорилготой байх. Зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр тодорхой алхмуудыг хийн, тогтвортой урагшлах нь чухал. Эзэн хичээхэд заяа бас хичээдэг шүү дээ.