
“Богд” банк дотоодын хөрөнгийн зах зээлээс 31.75 тэрбум төгрөг амжилттай “босгов”. Нийт босгосон хөрөнгийн 70 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлжээ. Харин үлдсэн 30 хувь буюу 10 орчим тэрбум төгрөгийг нээлттэй арилжсан. Нээлттэй арилжсан хэсгийнх нь захиалга 15 хувиар давсан байна. Ийнхүү банкны анхны IPO хөрөнгийн зах зээлд гарав.
Монголын арилжааны банкуудын хувьцааны 90-ээс дээш хувийг нэгдмэл сонирхолтой гурван этгээд эзэмшиж буй дүр зураг бий. Банк нь харилцагчийн мөнгийг нөгөөд нь зээлүүлж, дундаас нь зуучлалын хөлс авдаг ашгийн төлөө байгууллага. Тиймээс харилцагчдын итгэл дээр тогтдог бизнес гэж хэлж болно. Тухайн банкны хувьцааг цөөн этгээд эзэмшиж буй нь тогтвортой байдалд нь сөргөөр нөлөөлнө гэж Монголбанк үзэж буй. Тодруулбал, цөөн хувьцаа эзэмшигч банкны харилцагчдын биш, өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн шийдвэр гаргана гэж болгоомжилж буй хэрэг юм.

Банкуудын төвлөрсөн хувьцааг “задалж”, засаглалыг нь сайжруулах замаар найдвартай ажиллагааг нь бүрдүүлэх зорилгоор УИХ-аас энэ оны эхэнд Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнд системийн нөлөө бүхий таван банкийг ирэх оны зургадугаар сарын 30-ны дотор хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжихыг даалгасан юм. Тиймээс ХААН, Худалдаа хөгжлийн банк, “Голомт”, “Хас”, Төрийн банк тогтоосон хугацаанд нээлттэй хувьцаат компани болох үүрэг хүлээсэн. Харин жижиг банкууд нээлттэй хувьцаат компани ч болж болно. Эсвэл хаалттай хувьцаат компани болох эрхтэй. Хуульд нэгдмэл сонирхолтой нэг этгээд тухайн банкны хувьцааны 20-иос дээш хувийг эзэмшихийг хориглосон. Тэгэхээр дор хаяж таван өөр нэгдмэл сонирхолтой этгээд тухайн банкны хувьцааг хувааж эзэмшинэ гэсэн үг. Мэдээжийн хэрэг жижиг хувьцаа эзэмшигчид байх нь дамжиггүй.
…IPO хийхдээ захиалга өгсөн хүн бүрт хувьцаа худалдаж авах боломж нээх ёстой юм. Ингэвэл банк цөөн хэдэн хүний мэдэлд биш, жинхэнээсээ олон нийтийн хараа хяналтад орно. Хувьцааных нь төвлөрлийг “задалж” буй нь засаглалаар нь дамжуулан, тогтвортой ажиллагааг нь хангах зорилготой. Эл зорилгыг биелүүлэхийн тулд олон иргэн, аж ахуйн нэгжид хувьцааг худалдах нь зүйтэй юм. Энэ зарчмаас ерөөс ухарч болохгүй…
“Богд” нь системийн нөлөө бүхий банканд тооцогддоггүй. Тиймээс хаалттай хувьцаат компани болох эрхтэй байлаа. Тэднийх нээлттэй хувьцаат компани болох сонголт хийжээ. Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш хувьцаагаа олон нийтэд санал болгосон анхны банк боллоо гэж сурталчилж байна. Хувьцаагаа хамгийн түрүүнд олон нийтэд зарах болсон нь цаанаа учиртай. Тус банкны өөрийн хөрөнгө 70 тэрбум төгрөгт хүрсэн. Төвбанкнаас тус банкийг ирэх оноос өмнө өөрийн хөрөнгийн хэмжээгээ 30 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх үүрэг өгөөд буй. Тиймээс өөрийн хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд ийнхүү хувьцаагаа олон нийтэд худалдаж байна. “Богд” банк цаашид нэмэлт хувьцаа гарган өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх замаар хяналтын багцыг нь эзэмшигчид хувьцааныхаа хэмжээг бууруулах төлөвлөгөөтэй аж. Банкуудын хяналтын багцыг эзэмшигчид 2023 оны зургадугаар эцэст хувьцааны 20 хувийг эзэмшдэг болсон байх шаардлагатай. Банкууд олон нийтийн компани болсноор нэмэлт хувьцаа гарган өөрийн хөрөнгийн дутагдлаа нөхөж байх боломжтойг “Богд”-ын жишээ харууллаа.

“Богд”-ын дараа “Хас” банк хувьцаагаа гаргах магадлалтай юм. “Хас” нь 10 гаруй хөрөнгө оруулагчтай агаад тэд тус банкны хувьцааны 20-иос доош хувийг хуваан эзэмшдэг. Тиймээс төвлөрлөө “задлах” гэж зовохгүйгээр хувьцаагаа гаргаж өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэхэд л болно. ХААН, “Голомт”, Худалдаа хөгжлийн банк хамгийн томд тооцогддог. Эдгээр банк хувьцаагаа олон нийтэд борлуулахад хүндрэл үүсэх магадлалтай гэж шинжээчид дүгнэж байна. Учир нь системийн таван том банк нийт 650 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө зах зээлээс татан төвлөрүүлнэ. Томоохон банкууд хугацааны хувьд ойролцоо IPO хийвэл зарим нь бүтэлгүйтэх магадлалтай гэнэ. Тиймээс Дэлхийн банкнаас банкуудын IPO хийх хугацааг сунгах шаардлагатай гэсэн зөвлөмж өгсөн байна. Хуулийн дагуу бол ирэх оны эхний хагас жилд багтаж, системийн таван банк хувьцаагаа олон нийтэд худалдах нь. Хоорондоо давхацвал олон нийт хувьцааг нь худалдаж авахгүй байх магадлалтай.
Арилжааны банкуудын хадгаламжийн хүү нэг оронтой тоонд орж буурсан. Тиймээс иргэд мөнгөө банканд хадгалуулахаасаа илүү хөрөнгө оруулалт хийх сонирхолтой болоод буй. Банканд иргэн, аж ахуйн нэгжийн 19.2 их наяд төгрөгийн хадгаламж бий. Үүнтэй харьцуулбал, 650 тэрбум төгрөгийн хөрөнгө хялбар босохоор харагдаж байгаа биз. Гэвч олон нийтийн дунд хөрөнгийн зах зээлийн ойлголт дутмаг байгаа нь боломжийг хааж мэднэ. Тиймээс банкуудын IPO бүтэлгүйтэх магадлалтай юм. Банкуудын IPO хийх хугацааг сунгавал хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай. Хуульд өөрчлөлт оруулаад боломж олгоход буруудах зүйлгүй л болов уу.

ХААН банкны хувьцааг Худалдаа хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг худалдан авлаа гэсэн шуугиан саяхан дэгдэв. Хяналт тавих гол байгууллага болох Төвбанк энэ бол худал мэдээлэл гэж няцааж байна. Зарим эх сурвалж банкны хувьцааны төвлөрлийг сааруулах арга хэмжээг далдуур эсэргүүцэж буй эзэд ийм явуулга хийж буй гэж хардлаа. Мэдээжийн хэрэг хувьцааных нь хяналтын багцыг хуулиар багасгаж буйг банкны хөрөнгө оруулагч хэн ч хүлээж авахгүй. Тиймээс далдуур эсэргүүцэж байх магадлалтайг үгүйсгэж болохгүй.
Томоохон банкны эзэд хувьцааны төвлөрлийг “задлах” үйл явцад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан шалгуур, шаардлагыг нь хөнгөвчлөх замаар сөргөөр нөлөөлөх гэж байна гэсэн хардлага гарчээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын хэсэг гарч, хуулийн хэрэгжилтэд шалгалт хийж, дүгнэлт гаргах гэнэ. Энэ дүгнэлтээс улбаалж Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах магадлалтай юм байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа гэхэд нэг болон нэгдмэл сонирхолтой этгээд тухайн банкны хувьцааны 20 хүртэлх хувийг эзэмших эрхтэй байхаар зааснаа өөрчилж болохгүй. Банкны эзэд дээрх хязгаарлалтыг 30, эсвэл 40 хувь болгон нэмэгдүүлэх сонирхолтой байгаа. Өөрөөр хэлбэл, эзэд банк дахь эрх мэдлээ алдахыг хүсэхгүй байгаа нь цухалзах болсон.

Харилцагч нь хувьцааг нь худалдан авч, банкныхаа эзэн болно гэсэн сурталчилгааг зарим хөрөнгө оруулагч хийсэн. Энэ бол зөв зарчим. Иргэд харилцдаг, хуримтлалаа хадгалуулдаг банкныхаа хувьцааг худалдан авч, үйл ажиллагаанд нь хошуу, хуруу нэмэрлэн, санхүүгийн хариуцлагатай болох хэрэгтэй. Харилцагч хувьцаа худалдаж авах нөхцөлийг тухайн банкны Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага гаргах шаардлагатай. Тиймээс IPO хийхдээ захиалга өгсөн хүн бүрт хувьцаа худалдаж авах боломж нээх ёстой юм. Ингэвэл банк цөөн хэдэн хүний мэдэлд биш, жинхэнээсээ олон нийтийн хараа хяналтад орно. Хувьцааных нь төвлөрлийг “задалж” буй нь засаглалаар нь дамжуулан, тогтвортой ажиллагааг нь хангах зорилготой. Эл зорилгыг биелүүлэхийн тулд олон иргэн, аж ахуйн нэгжид хувьцааг худалдах нь зүйтэй юм. Энэ зарчмаас ерөөс ухарч болохгүй. Том банкны хувьцааг нэг хүн худалдаад авчихжээ гэдэг шуугиан нь ямар нэг учир ургасныг илэрхийлж байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Учир начир нь удахгүй ил болох биз. Цаад зорилго нь банкны хувьцааны төвлөрлийг “задлах” үйл явцын эсрэг л байгаа болов уу.