Говь-Алтай аймгийн удирдлагын санаачилгаар “Хүргэлт” нэгдсэн арга хэмжээг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж, мах, цагаан идээ ачсан автомашинууд өчигдөр Улаанбаатарт ирлээ. Өнгөрсөн өвөл улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор нийслэлд ажиллаж, амьдарч буй нутгийн иргэд, оюутнуудын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, нэг дороос бүтээгдэхүүнээ авах нөхцөл бүрдүүлэхээр уг арга хэмжээг эхлүүлжээ. Тэгвэл энэ жил мөн адил зохион байгуулан, бүх сум ирүүлсэн захиалгыг биелүүлсэн байна. Хамгийн гол нь энэ удаа Говь-Алтайн “Шимт богц” брэндийн махыг зориулалтын орчинд төхөөрч бэлтгэн, савлаж, шошго наасан бүтээгдэхүүнийг нийлүүлжээ. Шошгон дээрээ QR кодтой. Үүнийг уншуулбал аль сумын, ямар малчны хотноос бүтээгдэхүүн бэлтгэсэн талаарх мэдээлэл гарах бөгөөд энэ нь гарал үүсэл нь тодорхой, эрүүл ахуйн шаардлага хангасан хүнс нийлүүлж хэвших зорилготой нийцэх аж. Ташрамд дурдахад, тус арга хэмжээний хүрээнд 17 сумын 702 өрхөөс нийт 130 тонн мах, сүү, цагаан идээг Улаанбаатарт оршин сууж буй 791 айл, иргэнд явуулсан байна. Иргэд бүтээгдэхүүнээ өчигдөр “Барс-2” захын гадна талбайгаас хүлээн авлаа.
Бэлтгэсэн С.Цэрэн

