Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төлбөрийн тэнцлийн дарамтаас төөлж өссөн ханш

2022-07-26

“Манай улстөрчид төлбөрийн тэнцэл гэдэг үгийг мэр сэр хэрэглэж буй нь дуулдах болжээ. Эдийн засгийн орчноо дүгнэхдээ төлбөрийн тэнцэл хэмээх үзүүлэлтийг авч хэлэлцдэг болсон нь дэвшил юм” гэж нэгэн эдийн засагч ярив. Үнэхээр ч бүтээмж, ажилгүйдэл, дундаж давхарга, төлбөрийн тэнцэл гэсэн эдийн засгийн чухал үзүүлэлтүүд хэрхэж буйг манай улстөрчид анзаардаггүй юм шиг санагддаг. Угтаа эдийн засгийн өсөлтийг хангаж, түүндээ хөгжлийн бодлогоо уяхын тулд дээрх үзүүлэлтүүдийг сайжруулах талаар байнга санаа тавьж, хэлэлцэж байх учиртай юм. Тэд “Валютын ханш өслөө. Төвбанк ажлаа хийхгүй байна” гэж шүүмжлэх дуртай. Валютын ханш өсөж буй нь төлбөрийн тэнцлийн алдагдлаас үүддэг. Тиймээс Төвбанк дангаар төлбөрийн тэнцлийг сайжруулж чадахгүй. Засгийн газар ч санаа зовох хэрэгтэй. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгах гол институц нь бараг л Засгийн газар гэдэгтэй шинжээчид санал нийлнэ.
Монгол Улс өнгөрсөн жилээс төлбөрийн тэнцлийн дарамттай явж байна. Өнгөрсөн жилийн эцэст төлбөрийн тэнцэл 221.6 сая ам.долларын алдагдалтай гарсан. Тэгвэл энэ онд дарамт улам нэмэгдлээ. Тодруулбал, энэ оны эхний улиралд төлбөрийн тэнцэл 953 сая ам.долларын алдагдалтай гарав. Монголбанкнаас зарладаг дундаж ханшаар энэ оны эхэнд ам.долларын ханш 2849 төгрөгтэй дүйж байв. Харин өдгөө 3157 төгрөгтэй тэнцжээ. Өөрөөр хэлбэл, ам.долларын ханш сүүлийн долоон сарын хугацаанд 310 төгрөг буюу 10 хувиар чангарсан гэсэн үг. Төлбөрийн тэнцлийн алдагдал огцом өссөн нь ханш нэмэгдэх гол шалтгаан болсон нь гарцаагүй. Нэг улиралд 953 сая ам.долларын алдагдал гарч буй нь ихээхэн өндөр үзүүлэлт юм. Манай улсын төлбөрийн тэнцэл 2013 онд 1.8 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, валютын ханш огцом өсөж байсан билээ. Төлбөрийн тэнцлийн алдагдлыг бууруулах арга хэмжээ авахгүй бол ам.долларын ханш цаашид ч өсөх болно. 

энэ оны эхний улиралд төлбөрийн тэнцэл 953 сая ам.долларын алдагдалтай гарав

Монголбанк ам.долларын ханшийн өсөлтийг сааруулах, тогтворжуулах зорилгоор интервенц хийсээр байгаа. Монгол Улсын валютын нөөц өнгөрсөн оны эцэст 4.3 тэрбум ам.долларт хүрсэн байв. Тэгвэл одоо гурван тэрбум “ногоон”-ы нөөцтэй үлдсэн. Төвбанкныхан ам.долларын ханшийн өсөлтийг тогтворжуулах зорилгоор нийт 1.3 тэрбум ам.доллар санхүүгийн зах зээлд нийлүүлжээ. Хэрэв ийм хэмжээний ам.доллар зах зээлд нийлүүлээгүй бол “ногоон”-ы ханш 500 төгрөгөөр өсөх магадлалтай байв. Улсын валютын нөөц багассан учраас Олон улсын валютын сангаас интервенц хийх хэмжээгээ бууруулж валютын ханшийг алгуур өсгөх хэрэгтэй гэсэн зөвлөгөө өгөөд буй. Монголбанк зөвлөгөөг нь дагахаа мэдэгдсэн. 

Валютын Монгол Улс руу орох урс галаас гарах нь давахаар төлбөрийн тэнцлийн алдагдал үүсдэг. Тодруулбал, энэ оны нэгдүгээр улиралд манай улс руу орох валютын урсгалаас гарах нь 953 сая ам.доллароор давсан гэсэн үг. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгахын тулд валютын орох урсгалыг нэмэгдүүлэх шаардлагатай. Валютын орох урсгалыг экспортоо нэмэгдүүлж байж сайжруулж болно. Мөн зээл авч нөхөх боломжтой. 

Уг нь манай улс нүүрсний экспортоо өсгөж чадвал төлбөрийн тэнцэл алдагдалтай бүү хэл ашигтай гарах боломжтой. БНХАУ-д цар тахал газар авснаас шалтгаалан хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгсэлд хязгаарлалт тавьж, зарим тохиолдолд боомтоо хааснаар нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх жилүүдийнхээс буураад байна. Харин үнэ нь өссөн. Үнэ нь өндөр байгаа үед нь ахиухан нүүрс экспортолж чадвал чамгүй “ногоон” олох боломжтой. Сүүлийн үед нүүрсний экспорт өсөж буй нь таатай мэдээ боллоо. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас хамгийн сүүлд гаргасан статистик мэдээллээр өнгөрсөн 15-21-нд авто замаар 5981 автомашин, төмөр замаар 300 чингэлэг нүүрс тээвэрлэн экспортолжээ. Ингэснээр энэ оны эхнээс нийт 10.1 сая тонн нүүрс экспортолсон байна. Эл хэмжээ нь өмнөх оны мөн үеэс 1.5 хувиар өссөн үзүүлэлт аж. Өнгөрсөн долоо хоногт 737.7 мянган тонн нүүрс экспортод гарсан нь өмнөх оны мөн үеэс 340 хувиар тус тус өссөн үзүүлэлт гэнэ. Гашуунсухайт боомтоор оны эхнээс 6.17, Ярантаар 1.37 сая, Замын- Үүдээр 929.4, Хангиар 901.5, Шивээхүрэнгээр 724 мянган тонн нүүрс экспортолжээ. Өдөрт дунджаар 854 автомашин, 43 чингэлэг нүүрс экспортолсон байна. Энэ он гарснаас хойш хилийн боомтуудаар өдөрт 200 хүрэхгүй автомашин нүүрс гаргаж байсан тохиолдол бий. Үүнтэй харьцуулбал, нүүрс экспортолж буй тээврийн хэрэгслийн тоо тав дахин нэмэгджээ. Нүүрсний экспорт оны төгсгөлд нэмэгддэг зүй тогтолтой. Тиймээс манай улс нүүрснээс хангалттай хэмжээний “ногоон” олох нь гэж төсөөлж болох нь. 

оны эхнээс нийт 10.1 сая тонн нүүрс экспортолсон байна

УИХ-аас хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталсан. Засгийн газар төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор гадаадаас зээл авахаар ажиллаж буй. Өнгөрсөн хавар БНХАУ-аас их хэмжээний зээл авахаар тохиролцсон тухай мэдээлэл гарч байв. Тэгвэл Сангийн сайд үүнийг үгүйсгэсэн. Засгийн газарт дор хаяж 500 орчим сая ам.долларын зээл авах шаардлага бий. Зарим эдийн засагч ирэх аравдугаар сард Засгийн газар Олон улсын валютын сангаас хөнгөлөлттэй зээл авч, хөтөлбөрт хамрагдах болов уу гэж таамаглаж байна. Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдаж төлбөрийн тэнцлийн алдагдлаа бууруулах гэх мэтээр макро эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайжруулах нь зүйтэй биз. 

Төлбөрийн тэнцлийн дарамтаас гарахгүй бол ам.долларын ханш төө төөгөөр өссөөр байх нь дамжиггүй. Ам.долларын ханшийн өсөлтөөс шалтгаалан бараа, бүтээгдэхүүний өсөж бидний халаасыг нимгэлсээр байгаа билээ.