Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Коронавирусийн цар тахлын үеэр Японы өрхүүдийн хадгаламж өсжээ

2022-08-09

Коронавирусийн цар тахлын үе буюу 2020, 2021 онд Японы өрхүүд хадгаламжаа 52.6 их наяд иен буюу 400 орчим тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн нь тус улсын ДНБ-ий бараг 10 хувьтай тэнцэж буйг Засгийн газрын хэрэг эрхлэх газраас нь мэдээлэв. Хэрэглэгчид халдвар авахгүйн тулд гэртээ илүү их цаг зарцуулж, олонх нь Засгийн газрын тэтгэмжийг бэлэн мөнгөөр авсан гэнэ. Үүний сацуу Японы Засгийн газрын комисс тус улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг түүхэн дээд үзүүлэлтэд хүргэж нэмэгдүүлэх санал дэвшүүлжээ. Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл, компанийн удирдлагуудаас бүрдсэн тус комисс энэ оны санхүүгийн жилд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд тэд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод үзүүлэлтийг дээд хэмжээгээр буюу 31 иенээр нэмэгдүүлж, 961 (долоон доллар 30 цент) болгох санал гаргав. Энэ нь тус улсын 2002 оны санхүүгийн жилээс хойших хамгийн дээд үзүүлэлт болох юм. Үүнээс өмнө Сайд нарын эл танхим нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1000 иен болгох зорилт тавьсан байжээ.