Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Япон, Хятадын хооронд бүтээлч, тогтвортой харилцаа хөгжүүлэхээр тохиролцов

2022-08-19

Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Такео Акиба БНХАУ-д айлчилж, тус улсын Коммунист намын Төв хорооны Гадаад харилцааны комиссын Тамгын газрын дарга, Улс төрийн товчооны гишүүн Ян Зечитэй хэлэлцээ хийсэн тухай “Kyodo” агентлаг мэдээлэв. Тэд тус хоёр улсын хооронд бүтээлч, тогтвортой харилцааг хөгжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Тэрчлэн Тайванийн эргэн тойрны байдал хурцадсан талаар ярилцжээ. “Kyo¬do” агентлагийн мэдээлснээр Тайванийн эргэн тойронд БНХАУ сургуулилалт хийж, пуужин харвасны зарим нь Японы эдийн засгийн онцгой бүсэд унасантай холбогдуулан Хятадын талд Японы Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга харамсаж буйгаа болон эсэргүүцлээ илэрхийлсэн аж.

Харин Ян Зечи “Тайванийн асуудал бол Хятад, Японы улс төрийн харилцааны үндэс” хэмээн онцлоод, “Японы тал хоёр орон, ард түмний урт хугацааны ашиг сонирхлыг харгалзан үзэж, Хятадын талаар зөв бодлого баримтлан, байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, харилцан итгэлцэл бий болгохыг Токиод сануулсныг БНХАУ-ын ГХЯ уламжилжээ. Мөн гадаад бодлогын зарим асуудлаар Бээжин болон Токиогийн албан ёсны байр суурийн зөрүүг арилгах, прагматик оновчтой хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжлийн энх тайван замаар замнахын чухлыг тэрбээр цохон тэмдэглэв. Түүний хэлснээр, энэ нь Хятад, Японы харилцаа улам бэхжих баталгаа болох юм. Олон улсын нөхцөл байдал тогтворгүй байгаа нөхцөлд тус хоёр орны харилцаа бүс нутаг болон дэлхий дахинд онцгой ач холбогдолтойг Ян Зечи хэлсэн байна. Түүнчлэн талууд Украины нөхцөл байдал, БНАСАУ-ын цөмийн пуужингийн хөтөлбөрөө хөгжүүлсээр байгаа талаар ярилцжээ. АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси энэ сарын 2-3-нд Тайбэйд айлчилсны дараа Тайванийн хоолойн түгшүүртэй байдал хурцадсан юм. Хятадын зэвсэгт хүчин уг айлчлалд хариу арга хэмжээ авч, тус арлын эргэн тойрны зургаан бүсэд томоохон хэмжээний сургуулилалт хийж, пуужин харважээ. Токиогийн мэдээлснээр Хятадын харвасан зарим пуужин Японы эдийн засгийн онцгой бүсэд унасан байна.