Жилийн дундаж температур хоёр градусаар нэмэгдвэл дэлхийн улаан буудайн ургац дунджаар 1.7 хувиар нэмэгдэнэ гэсэн судалгааг эдийн засагчид болон цаг уур судлаачид хийжээ. Үүний сацуу цаг агаарын эрс тэс үзэгдэл болон бусад сөрөг нөлөөний улмаас ургац алдалт 17.8-20.3 хувиар өсөх эрсдэлтэйг эрдэмтэд тогтоосон байна. Ийнхүү улаан буудайн дундаж үнэ 1.8 хувиар өсөх бөгөөд огцом нэмэгдэх давтамж урьдынхаас 17 хувиар их болох гэнэ. Тэдний судалгааг “One earth” сэтгүүлд нийтэлжээ.
“Дулаарал манай гаргийн янз бүрийн бүс нутгийн улаан буудайн ургацад харилцан адилгүй нөлөөлнө. Ялангуяа энэ үзүүлэлт сэрүүн уур амьсгалтай орнуудад сайжрах бол улаан буудай импортолдог экватор, халуун бүсийн Африк, Дундад болон Өмнөд Азийн орнуудад 7-24 хувиар буурна” гэж БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн Агаар мандлын физикийн хүрээлэнгийн судлаач Жан Тяньи хэлжээ. Тус улсын эдийн засагчдын үзэж байгаагаар үүнтэй төстэй хүнсний хямрал өнгөрсөн хугацаанд ойролцоогоор 20 жилд нэг удаа гарч байсан бол ойрын ирээдүйд 17 жилд нэг удаа тохиох аж.
Агробиологичдын тайлбарласнаас үзвэл температурын өсөлттэй холбоотойгоор агаар мандалд нүүрстөрөгчийн агууламж нэмэгдэх нь ургамалд сайнаар нөлөөлөх аж. Онолын хувьд энэ нь ургацыг сайжруулах ч үүнд дэлхийн дулаарлын олон сөрөг үр дагавар, тухайлбал, ган гачиг ихсэх, тоос хүртээгчдийн тоо буурах, хортон шавж нэмэгдэх зэрэг нөлөөлөх нь.
Дэлхийн болон орон нутгийн түвшинд үр тарианы үнэ хэрхэн өөрчлөгдөхийг судлаачид олж мэдэхийн тулд газар тариалангийн 50 гол бүс нутагт уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой цаг агаарын үзэгдлүүд улаан буудайн ургацад хэрхэн нөлөөлөхийг судалсан гэнэ.
Эдийн засагчдын үзэж байгаагаар улаан буудай болон бусад үр тарианы худалдааг дээд зэргээр либералчлах замаар үүнийг шийдвэрлэх боломжтой. Гэвч энэ нь бага орлоготой халуун болон экваторын орнуудын дотоодын улаан буудай үйлдвэрлэгчдийн орлогод ихээхэн сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд тариаланчид нь сэрүүн уур амьсгалтай бүсийн улаан буудай үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхөд маш хэцүү болно гэж дүгнэжээ.