Төсвийн тэнцэл энэ оны эхний хагас жилд 758 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өнгөрсөн даваа гарагт танилцууллаа. Тодруулбал, татварын нийт орлого 2025 оны эхний хагас жилд 12.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 8.4 хувиар буурахад орлогын албан татварын орлого 524.7, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) 1.3 их наядаар багассан нь голлон нөлөөлсөн аж. Харин нийгмийн даатгалын орлого 463.1, гадаад үйл ажиллагааных 87.6, онцгой албан татвар 37.6, НӨАТ 107 тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Улсын төсөвт орлого төвлөрөх нь багасаж буй нь төсвийн алдагдлыг цаашид улам гүнзгийрүүлэх эрсдэлтэйг эл үзүүлэлт харуулж байна хэмээн эдийн засагчид тайлбарлав.
Түүнчлэн энэ оны эхний хагас жилд улсын нэгдсэн төсвийн ихэнхийг орлогын албан татвар голлон бүрдүүлж буйг дурдсан бол зардлын дийлэнх хувийг бараа, үйлчилгээнд зарцуулсан мөнгөн дүн эзэлж байгаа юм. Энэ нь өмнөх оныхоос ес орчим хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Үүнд бараа, үйлчилгээний зардал 828.3, урсгал шилжүүлэг 764.4 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна. Харин орон нутгийн төсвийн орлого 3.7 их наядад хүрч, өмнөх жилийнхээс 14.2 хувиар, нийт зарлага 3.2 их наяд төгрөгт хүрч 26.1 хувиар тус тус өссөн гэв.
Д.Сэлэнгэ