Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундаас Оросын иргэн 44 настай Виктор Бут Америкийн Манхэттений шоронгийн 10 дахь давхарт байх болсон юм. 2011 оны аравдугаар сарын 11-нд хийхээр товлосон шүүх хурлыг хүлээж буй нь тэр. Гэхдээ шүүхийн эцсийн шийдвэр ирэх оны хоёрдугаар сарын эхээр гарах сурагтай. Бутэд 30 жил юм уу, насаар нь хорих ял оноож магадгүй гэлцэнэ. Хэвлэлд бичсэнээс үзвэл, түүнийг 2008 оны хаврын эхээр Тайландын нийслэл Бангкок хотод нэгэн зочид буудлаас тэндхийн цагдаа нар баривчилжээ. Тэгээд АНУ-д шилжүүлэх шийдвэрийг Тай ландын шүүх 2010 оны наймдугаар сард гаргаж, Бут үүнээс гурван сарын дараа Америкт ирэв.
Хоёр жил гаруй Тайландын шоронд байхдаа хувь заяаг нь ямар ч байсан шүүх л шийдэхээс бус улс төр оролцохгүй, хөшигний цаана ямар нэг яриа болохгүй гэж Бут найдаж байсан гэж гэргий Алла нь ярьсан байсан. Бангкокийн шүүх суллахаас 4-5-хан хоногийн өмнө Бутийг Америк руу шилжүүлж орхиж. Ингэх гэж буй тухай ЭСЯ-ныхан ч, өмгөөлөгч нь ч мэдээгүй аж. Буттэй хамт Бангкокт баривчлагдсан Английн иргэн Эндрю Смулян Америкийн нууц албаны ажилтнуудыг Бутийн мөрөөр оруулсан гэж хэвлэлд бичиж байна. Энэ хүн өөрийгөө буруутайг тэр даруй хүлээсэн төдийгүй Бутийн эсрэг мэд үүлэг өгчээ. Үүнийхээ шанд хөнгөн ял авахаар горьдож буй аж. Америкийн иргэдийг алах, зенитийн зөөврийн пуужин олж худалдах зорилготой хуйвалдаануудад оролцсон, алан хядах ажиллагаа үйлддэг бүлэглэлүүдэд зэвсэг нийлүүлсэн гэсэн ялыг Америкийн шүүх Бутэд тулгасан юм.
Бутийг америкчууд ийн буруутай гэж үздэг болохоор түүнийг баривчлах зорилго тавих нь зүй. Гэхдээ Арабын нэгдсэн Эмиратад ихэнхдээ байдаг энэ хүн тэдний гарт орохгүй л байв. Орост байгаа бол Бутийг оросууд бусдад барьж өгөхгүй нь тодорхой. Бас нэг зүйл гэвэл хийдэг бизнесээсээ үүдээд Бут ОХУын хувьд маш чухал нууц хадгалагч байлаа. Тэгээд ихээхэн хэмжээний зэв сэг авах талаар хэлэлцэн тохиролцох гэж байгаа мэт заль зохиож Бутийг Тайландад очуулж чадсан аж. Бут 1967 онд Тажикистаны Душанбе хотод төржээ. Цэргийн зориулалтаар хэл мэрч бэлтгэдэг гадаад хэлний сургуульд орсон ч төгсөөгүй бололтой. Гэхдээ л англи, франц, португал болон бас бус хэл сурсан байна.
1980-аад оны эцсээр Мозамбикт хэлмэрчээр ажиллаж байсан гэдэг. Ингэж л Африктай холбогдсон, танил нөхөдтэй ч болсон байна. Хэл усны чадвар, танил талаа ашиглаж “хар” залуугаасаа хөлтэйхэн хөдлөх болсон гэмээр. Эмиратад их ашигтай хэд хэдэн гэрээ байгуулж, тэдгээрийг ажил хэрэг болгох гэж чармайсны дүнд богино хугацаанд сүрхий бэлжиж, улмаар нисэх онгоцоор тээвэр хийдэг “Air Cess Liberia” гэдэг компани байгуулжээ. Түүнийг 50-60 онгоцтой байсан гэж зарим хэвлэлд бичсэн байдаг. Харин өөрөө “Комсомольская правда” сонины сурвалжлагчтай нэгэнтээ ярил цахдаа “бизнесийн нууц” гээд онгоцныхоо тоог хэлээг үй өнгөрсөн баримт бий. Тэгэхдээ эдний компанид 1.5 жил нисгэгчээр ажилласан нэг нөхөр Ан-12, Ил-76 онгоц жолоодож ихэнхдээ Европоос Африк руу, тухайлбал, Болгар, Польшоос Ангол, ӨАБНУ руу ачаа зөөдөг байсан. Ямар ачаа зөөдгөө тэр бүр мэддэггүй. Нисэх онгоцны хөдөлгүүр лав ачиж байсныг мэднэ.
Сард 5-6 мянган долларын цалин авч байв гэх мэтээр ярьсан байдаг. Гэвч 1995 онд байгуулсан гэх энэ компаниа Либери дэх улс төрийн тогтворгүй байдлаас шалтгаалж 1996 онд үйл ажиллагаагаа зогсоосон гэж Бут ярьсан байдаг ч түүний онгоцууд тээвэр хийсээр байжээ. Бутийн өөрийнх нь ярьснаас үзвэл, нисэх онгоцоор тээвэр хийх бизнесийг бүр 1992 оноос эрхэлсэн юм билээ. Хэнээс ч, хэзээ ч нуугдаж, зугтааж байгаагүй, ОХУ-аас өөр улсын иргэний харъяалалтай байж үзээгүй гэж тэр ярьдаг. Тэрбээр дэлхийн халуун цэгүүд рүү зэвсэг тээвэрлэхэд оролцсоноо нуудаггүй, харин наймаа хийснээ хүлээдэггүй гэсэн. Ангол, Конго, Руанда, Афганистаны Засгийн газарт зэвсэг хүргэж өгч байснаа үгүйсгэдэггүй байж. Талибуудыг Афганистанд эрх мэдэлтэй болоогүй байх үед буюу Раббаниг Ерөнхий сайд нь байхад Бутийн компани ийш нь ачаа зөөдөг байжээ. Энэ үзүүлэлтээрээ ХБНГУын “Люфтханза” компанийн дараа орж байсан аж.

1995 онд талибууд Оросын Ил-76 онгоцыг барьцаалжээ. Онгоцыг хэдийгээр Афганистаны Зас гийн газар туслуулж байсан гэдэг ч түүнд Бутийн илгээ сэн ачаа байсан аж. Тэгэхэд Бут өөрийн биеэр Афганд очиж, талибуудтай уулзаж хэлэлцээр хийж олзлогдсон нисгэгчдийг суллуулах хэрэгт оролцож байсан гэсэн яриа бий. Өрнөдийн хэвлэлүүдэд Виктор Бутийг “Зэвсгийн барон”, “Үхлийн наймаачин” гэх мэтээр нэрлэдэг. Дэлхийн хамгийн том зэвсгийн наймаачин гэх “алдрыг” түүнд нэлээн эрт хүртээсэн юм. Ер нь бол Өрнөдийн хэвлэл түүнийг өөдтэй хэлдэггүй. Тухайлбал, “Los Angeles Times” сонин “Бутийн бий болгосон бүтэц бол хууль бусаар зэвсэг наймаалдаг дэлхийн томоохон байгууллага”, “Chicago Tribune” сонин “Бут бол Африк дахь зэвсгийн дамын худалдааны үлэмж том, нууц сүлжээний удирдагч, дэлхийн зэвсгийн хамгийн нөлөө бүхий худалдаачин болохыг Интерпол хийгээд НҮБ мэддэг юм”, “The Sunday Times” сонин “Тэр бол Афганистан дахь бен Ладены сүлжээнд зэвсэг техник нийлүүлдэг гол этгээд юм” гэж бичиж байлаа. Түүнийг Талибан, УНИТА, Аль-Кайда, ФАРК зэрэг нэг орон, бүс нутагтаа төдийгүй манай гаригийн хаана ч алан хядах ажиллагаа үйлддэг бүлэглэлүүдэд зэвсэг нийлүүлдэг байсан гэж үздэг.
2001 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс бэлтгэсэн илтгэлд Бутийг Дорнод Европоос Либерид зэвсэг зөөж байна гэж дурдсанаар түүний нэр олны сонорт хүрсэн юм. Үүнээс хойш түүний нэр муу бүхэнтэй холбогдох болсон гэхэд хэтрүүлсэн болохгүй. Бутийг долоон жилийн хугацаанд 300 сая доллар угаасан, үнэт чулуу дамласан гэж Бельги улс анх зарга үүсгэв. Кени улсад алмаазны үйлдвэртэй Санжавин Рупр гэгч Бутийг сүүлийн хоёр жил Осама бен Ладентай нягт холбоотой байсан гэсэн мэдүүлэг өгснөөс Брюссель (Бельги)-ийн шүүх түүнийг баривчлах эрхийг олон улсын хэмжээнд өгөх хүртлээ энэ зарга хүндэрсэн байна. Гэтэл Руприйг ийм мэдүүлэг өгсөн гэдэгт Бут итгэдэггүй гэсэн. Уг нь Бут Бельгид үл хөдлөх хөрөнгөтэй байсан гэдэг. Эндээс явснаа байнга оршин суух эрх олох гэж гурван жил хөөцөлдөөд чадаагүйгээс болсон гэж Бут тайлбарласан. Конго улсад гадаад бодлогоо хэрэгжүүлэхэд саад болж байна хэмээн Бутийн гүйлгээг нь хаах шийдвэрийг 2006 онд АНУ-ын Ерөнхийлөгч хүү Буш гаргаж байжээ. Виктор Бут өөрийгөө ноцтой гэмт хэрэгтэн, зэвсгийн наймаачин гэдгийг хүлээн зөвшөөрсөн баримт тун ховор.
Сурвалжлагчийн асуултад хариулахдаа өөрийнх нь эсрэг дэгдээж буй хэл амыг “чөлөөт ертөнцийн араншин” гэсэн нь бий. Энэ нь чөлөөт ертөнцөд хэнийг ч, юу ч гэж хэлж мэднэ гэсэн үг бололтой. Бас “Би орос хүн учраас түүн рүү муу бүхнийг чихэж болно гэж үзэцгээж байх шиг байна” гэсэн үг түүний амнаас унасан удаатай. Африкт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байснаас тэд (өрнөдийнхөн) намайг хоолойд тээглэсэн яс шиг үзэх болсон гэсэн үг ч сэтгүүлчид хэлж байсан аж. НҮБ-ын илтгэлд дурдсанаар бол Бутийн нисэх онгоцны компани Арабын нэгдсэн Эмиратад төвлөрч байсан гэдэг ч Экваторын Гвиней, Төв Африкийн БНУ болон Африкийн хэд хэдэн оронд салбар нь байсан бололтой. Хамгийн сүүлийн үеийн мэдээнээс үзвэл, Тайландад Бутийг зэвсэгт тэмцэгчидтэй уулзсан гэж буруутгаж байгаа аж. Ердөө онгоц худал дах л зорилготой байсан бол энэ ажлыг Москвад аюулгүй байдалд байж байгаад амжуулж дөнгөнө гэж прокурор үзжээ.
Бутийн өмгөөлөгч Альберт Даян тангарагтны шүүхийн нэг гишүүн эмэгтэй Хизер Хобсонд итгэхгүй байгаагаа Нью-Йоркийн шүүхийн хуралдааныг даргалж байгаа Шире Шендлинд хандаж илэрхийлсэн байна. Учир нь тэр шүүгч эмэгтэй сонинд өгсөн ярилцлагадаа Николас Кейж гол дүрийг нь бүтээсэн “Зэвсгийн барон” гэдэг киног Бутийн намтар дээр түшиглэн бүтээсэн гэж хэлж болохоор гэснээс үүдэн түүнийг шийдвэрээ урьдчилаад гаргачихсан байсан гэх дүгнэлтэд өмгөөлөгч хүрчээ. Бут Нью-Йоркийн шоронгоос “Коммерсант” сонины сур валжлагчтай саяхан ярилцсан байна. Тэрбээр хэргийг нь олон улсын шүүхэд шилжүүлж өгөх талаар хөөцөлдөхийг ОХУ-ын эрх баригчдаас хүсэх бодолтой байгаагаа хэлжээ. Бутийг эх оронд нь авчрах нь бидний зорилго гэж ОХУ-ын ГЯЯ-ны албан ёсны төлөөлөгч ч урьд нь мэдэгдэж байсан юм.
Эцэст нь Виктор Бутийн хувийн амьдралын талаар цухас сонирхуулъя. Тэрбээр Мозамбикт хэлмэрчээр ажиллаж байхдаа тэнд суугаа Оросын ЭСЯ-ны ажилтны гэргий Алла гэгч эмэгтэйтэй дотносчээ. Энэ бүсгүй нөхр өөсөө салж Буттэй суусан байна. Тэд 1992 онд гэрлэж хоёр жилийн дараа охинтой болжээ. Бут Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн элсэлтийн бүс шалгалтыг онц өгсөн ч Тажикистаны Комсомолын Төв хорооноос ямар нэг үл ялих гэмээр бичиг авчраагүй байснаас оюутан болж чадсангүй. Тэгээд цэрэгт явав. Тэгэхэд 18 настай байлаа. ... Түүний бизнесийг төрсөн ах Сергей Бут нь үргэлжлүүлж байгаа аж.
Р.ЖАРГАЛАНТ