Монгол Улсын хиймэл оюуны бэлэн байдлыг үнэлж, үндэсний стратегийг боловсруулах төсөл эхлүүлэх төлөвлөгөөнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн өчигдөр гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд талууд байгаль орчин, ялангуяа цөлжилтийг бууруулах, ойжуулалтын чиглэлээрх ажлуудыг хиймэл оюунд түшиглэн үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэхэд анхаарах гэнэ.
“Монгол Улс өөрийн онцлогт тохирсон хиймэл оюуны стратегиа боловсруулах ажлын хүрээнд төр, хувийн хэвшил, залуус, ШУА-ийн эрдэмтэд болон их, дээд сургуулийн багш нараас санал, хүсэлт авч байгаа. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийнхөн энэхүү үйлсэд дэлхийн чиг хандлага, олон улсын туршлагаас хуваалцаж буйд талархал илэрхийлье” гэж салбарын сайд Ц.Баатархүү хэлэв. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскагийн хувьд Монгол Улс хиймэл оюун ухаан үр ашгийг бүх нийтэд хүртээмжтэй байлгахад стратегиа чиглүүлэх нь чухал гэдгийг онцолжээ.
Ч.Зул