Өнөөдөр болон энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд урлаг соёлын ямар арга хэмжээнүүд болох талаарх мэдээлэл хүргэе. Мэргэжлийн урлагийн томоохон байгууллагуудаас Дуурь бүжгийн эрдмийн театрынхан уламжлалт тоглолтуудаа сонгодог урлаг сонирхогчдод хүргэсээр байна. Харин Улсын драмын эрдмийн театрынхан түр амарч буй. Тус театрынхан ирэх долоо хоногоос үзэгчидтэйгээ уулзах аж. Хүүхэлдэйн театрынхны хувьд бяцхан үзэгчдээ хүлээн авсаар байгаа.
Үндэсний хувцас загварын наадамтай
Сар шинийн баярыг угтсан үндэсний хувцас загварын наадам өнөөдөр болно. “Эртний монгол хийц” үндэсний хувцас урлангийнхан “Корпорэйт конвейшн” төвийн Б зааланд уг наадмыг зохион байгуулах аж. Үндэсний хувцсыг орчин үеийн хэв маягт шингээн урласан бүтээлүүдийг энэ үеэр танилцуулах юм байна. Мөн язгуур урлагийн бүтээлүүдийг орчин цагийн хэлбэрээр найруулан дэглэж толилуулахаараа онцлогтой. Загварын наадамд ирэх иргэд үндэсний хувцсаа өмсөх ёстой гэнэ.
Монгол сэтгэлгээний ондоошлыг өгүүлнэ
Уран бүтээлч Б.Цолмонбаярын “Аян ерэн есөн жилийн газар” үзэсгэлэнг Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээсэн билээ. Монгол сэтгэлгээний онцлог, үлгэр домог, ахуй соёл, археологийн олдвор, тэдгээрийн судалгаанд суурилан, орчин цагийн хүмүүсийн ойлгох хэлээр буюу өдөр тутам хэрэглэдэг эд зүйлстэй хослуулан дүрсэлсэн бүтээлүүдийг эл үзэсгэлэнд толилуулж буйгаараа онцлогтой. Дэлхий даяаршин, соёлууд ойртон нягтарч, холилдох үйл явц хүчтэй өрнөж буй өнөө үед үндэстний сэтгэлгээний онцлогт суурилсан ондоошлыг уран бүтээлч Б.Цолмонбаяр илэрхийлэхийг зорьжээ. Тэрбээр өнөөдөр, маргааш 13.00 цагт Дүрслэх урлагийн музейд уран бүтээлийнхээ талаар урлаг сонирхогчидтой яриа өрнүүлэхээр товложээ.
43 жилийн түүхт бүтээл
Дуурь бүжгийн эрдмийн театрынхан Ж.Пуччинигийн алдарт “Тоска” дуурийг маргааш, нөгөөдөр тоглоно. Манай улсын театрын тайзнаа эл дуурийг 1982 онд анх тавьжээ. Түүнээс хойш 43 жилийн түүх бүтээгээд буй уг сонгодог бүтээлийн удирдаачаар Т.Юндэн ажиллана. Авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, гэнэн бүсгүй Тоска, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шударга Каварадосси, санаа муутай, харгис Скарпья нарын харилцаа, хайр дурлал, зөрчилдөөнийг энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд 17.00 цагаас үзээрэй. Гол дүр Флория Тоскад Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Т.Энхнаран нар тоглох нь. Каварадоссид Б.Батжаргал, М.Даваадорж, Скарпьяд Э.Бумхүү “хувирна”.
Шилдэг богино өгүүллэгүүдийг толилуулах нь
Монголын зохиолчдын эвлэлээс “Утгын чимэг” наадмыг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ оны наадмыг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, эрдэмтэн, зохиолч Л.Түдэвийн мэндэлсний 90 жилийн ойд зориулан зохион байгуулахаараа онцлогтой. Наадмын сүүлийн шатанд өрсөлдүүлэх шилдэг 10 өгүүллэгийг одоогоор тодруулаад буй. Тэдгээр өгүүллэгийг Л.Түдэв агсны мэндэлсэн өдөр буюу энэ сарын 9-ний 18.00 цагт мэргэжлийн жүжигчид, уран бүтээлчид Хүүхэлдэйн театрын тайзнаа “амилуулан” үзэгчдэд хүргэнэ. Мөн шилдгийн шилдэг богино өгүүллэгийг шалгаруулах юм.
Хүүхэлдэйн театрынхан хоёр жүжиг тоглохоор товложээ
Хүүхэлдэйн театрынхан энэ долоо хоногийн амралтын өдрүүдэд “Долоон өндөгтэй доголон шаазгай” хүүхэлдэйн, “Одноос төрсөн ханхүү” хүүхдийн жүжгийг толилуулах нь. Монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн “Долоон өндөгтэй доголон шаазгай” хүүхэлдэйн жүжгийг гурваас дээш насныхан үзэх боломжтой бөгөөд маргааш, нөгөөдөр 11.00 цагаас тоглоно. Оскар Уайльдын зохиолоос сэдэвлэсэн “Одноос төрсөн ханхүү” хүүхдийн жүжгийг наймаас дээш насныхан үзэж болох нь. Энэ долоо хоногийн бямба, ням гарагт 15.00 цагаас уг бүтээлийг толилуулах юм байна.