“Гэгээн муза-18” олон улсын театрын наадамд нэр дэвшүүлэх комиссын эхний шатны үзлэгт гадаад, дотоодын 90 гаруй бүтээл ирснээс 23 жүжгийг шалгаруулж, дөрвөн төрлөөр 21 номинацид өрсөлдүүлжээ. Хүүхдийн жүжгийн төрөлд “Про” театрынхан “Щелкунчик”-ээрээ тун амжилттай оролцож, Б.Анхбаатар “Шилдэг найруулагч”, М.Төгөлдөр “Шилдэг эрэгтэй гол дүр”, Б.Билгүүн “Шилдэг тайзны зураач” номинацид тэргүүлсэн бол Дорнод аймгийн ХДТ-ын “Миний найз араатан” жүжгийн Зээрэнхүүгийн дүрээр Т.Халиунсор “Шилдэг эмэгтэй гол дүр”, Э.Батмөнх “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагнал хүртсэн байна. Харин нэг хүний жүжгийн төрөлд “Шилдэг найруулагч” болон “Шилдэг тайзны зураач”-аар Румын улсын Тоположиан Касанра-Елена “Би биш” бүтээлээрээ шалгарсан бол “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацийг мөн тус жүжгээр Карамида Танаси Андреа тэргүүлэв. Энэ төрөлд “Театр лаб”-ын бүтээл “Ханануудын амьдрал”-аар Д.Урианхай “Шилдэг зохиолч”, Б.Болдхүү “Шилдэг эрэгтэй жүжигчин” болсон байна.
Тэгвэл драмын жүжгийн төрөлд “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн шагналыг Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ “Орфей” театрын “1984” бүтээлийн Уинстон Смитийн дүрээрээ хүртсэн бол “Шилдэг эмэгтэй гол дүр”-ээр Грекийн театрын Ангелики Лемони “Эдип хаан” жүжгээр шалгарлаа. Тус төрөлд “Шилдэг найруулагч”-аарО.Итгэл “Шадар гурван цэрэг”, “Шилдэг хөгжмийн зохиолч”-ийн шагналыг Ш.Өлзийбаяр “Асарын өндөр” жүжгээр хүртсэн бол С.Ариунболд “Шилдэг тайзны зураач”-аар шалгарлаа.
“Гэгээн муза” наадмын зочин шүүгчээр Олон улсын театрын институт (ОУТИ)-ийн ерөнхийлөгч, Уганда улсын иргэн Жессика Каава, Хонконгийн театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун, Японы Токио дахь “D’UOMA ex machina” театрыгүүсгэн байгуулагч, найруулагч, судлаач Какүмото Ацүши, Данийн “Winter movement academy”-ийгүүсгэн байгуулагч, театрын хөдөлгөөний найруулагч, сургагч багш Денни Деннис, ОУТИ-ийн гишүүн, жүжгийн зохиолч, театр судлаач Татъяана Азман нар ажиллажээ.
Г.Сансар