Гавьяат жүжигчин У.Уранчимэг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” жүжигт цаашид дахин тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр тус түүхэн жүжигт өнгөрсөн хугацаанд Цэцэр хатны дүрийг бүтээж байв.
У.Уранчимэг цахимхуудсандаа“Миний бие “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” төслөөс албан ёсоор гарч байна. Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэнгийн зохиолоор бүтсэн энэхүү жүжгийн Цэцэр хатны дүр шандас сорьсон ч гурван жилийн туршид чадлаараа ажиллалаа. Дүрийн сэтгэл зүй, үзэл бодол, деталь бүрийг сэтгэн бодож, хөдөлгөөн бүрийг дэглээч багш нартайгаа ярилцаж, тунгаан, сэтгэл зүрхээрээ урлахыг хичээсэн. Дүрийнхээ мөн чанарыг үзэгчдэд хүргэхийн тулд өдөр бүр тоглолтоос тоглолтод сайжруулан, заримдаа өөртөө хэрээс хэтэрсэн шаардлага ч тавьдаг байв. Монгол жүжигчдийн ур чадвар, чанар чансааг дэлхийн ноён оргил болсон тайзан дээр бахархалтайгаар харуулсан үндсэн багийн уран бүтээлч, жүжигчдээрээ бахархаад баршгүй. Та бүгдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хөлс хүчээр уг жүжиг боссон юм шүү” гэжээ.
М.Гэгээ