ЮНЕСКО-ийн Дээд боловсролын инновацын олон улсын төв, Зүүн Ази дахь төлөөлөгчийн газар, Монголын үндэсний комисс болон ШУТИС хамтран “Хиймэл оюун ухаанд суурилсан дээд боловсролын экосистемийг бүрдүүлэх нь” сэдэвт дээд түвшний бодлогын яриа хэлэлцээрийг өчигдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэхүү хэлэлцээрт бүс нутгийн боловсролын салбарын төлөөлөл, бодлого боловсруулагч, судлаач, багш нар, хувийн хэвшил, олон улсын байгууллагынхан оролцож хиймэл оюуны технологийг дээд боловсролд хэрхэн зөв, үр дүнтэй ашиглах талаар ярилцжээ.
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд хиймэл оюуны хэрэглээ эрчимтэй өсөж байгаа нь Зүүн Азийн улс орны боловсролын салбарт шинэ боломжуудыг нээж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх туршлага бий болгожээ. ЮНЕСКО болон түүний харьяа байгууллагуудын судалгаагаар бүс нутгийн орнууд дижитал шилжилтийн тодорхой шатанд хүрсэн бөгөөд цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлэх, бодлогын зохицуулалтыг уялдуулах шаардлага нэмэгдэж буйг дурдсан байна.
Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга “Хиймэл оюун нь багш, ажилтнуудыг орлох бус, харин тэдний ажлыг дэмжих хэрэгсэл байх ёстой. Оюутнууд хиймэл оюуныг ухамсартайгаар ашиглаж, бие даасан бодол сэтгэлгээг хөгжүүлж, ёс суртахууны хэм хэмжээг төлөвшүүлэх нь чухал юм. Мөн оюутны хувийн мэдээллийг чандлан хамгаалж, багш нарыг үр дүнтэй, хариуцлагатай хамтран ажиллахад бэлтгэх хэрэгтэй” гэв.
Ц.Аюуш