Хаврын тэргүүн сар гарсан ч хүйтний эрч сулрахгүй, зарим газарт цасаар шуурч, зам, даваа хаагдан, халтиргаа гулгаа үүссэн хэвээр байна. Ялангуяа Дорнод аймагт энэ сарын 1-3 хүртэлх хугацаанд нийт нутгаар ахиухан хэмжээний цас орж, салхи секундэд 12-14 метр хүрэх төлөв гарчээ. Иймд аймгийн Онцгой комисс хуралдаж, иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор энэ сарын 2-ны 04.00 цагаас эхлэн өнөөдрийн 08.00 цаг хүртэл нийт сумаас гарах, орох хөдөлгөөнийг хязгаарлалаа. Мөн Говьсүмбэр-Улаанбаатар чиглэлийн авто замд цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан гэнэ. Дархан-Уул, Дундговь, Завхан, Төв, Говьсүмбэр, Орхон аймаг болон Налайх, Багануур, Багахангай дүүрэгт өчигдөр цас орж, 20-25 хэм хүйтэн байв. Түүнчлэн Төв аймгийн Өндөр довын давааны нэг талын урсгал цасанд боогдож, хаагдсан аж.
Түүнчлэн өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай, хүйтэн байхыг цаг уурын байгууллагагаас онцгойлон анхааруулав. Харин энэ сарын 5-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна. Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр маргааш ялимгүй цас орох бөгөөд нөгөөдрөөс өдөртөө бага зэрэг дулаарч, 0-5 хэм хүйтэн байх нь.
Ч.Цэлмэг