Бангладешийн Үндэсний нам саяхан болсон сонгуулиар Ассамблей хэмээх нэг танхимтай парламентынхаа гуравны хоёр буюу 212 суудлыг авч, илт давуу ялалт байгуулав. Гол өрсөлдөгч Лалын холбоо нам холбоотнуудтайгаа хамт 77 суудал авсан байна. Эдний парламент 300 суудалтай болохоор түү ний 151-ийг авахад л олонх болчихдог аж. Ерөнхий сайд болох нь нэгэнт тодорхой болсон Тарик Рахманд АНУ, Энэтхэг улс баяр хүргэжээ. 2024 оны зун олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөний дүнд өмнөх Засгийн газрыг нь унагасны дараа Бангладеш, Энэтхэг хоёрын харилцаа нэлээд мууджээ. 15 гаруй жил Засгийн газрыг тэргүүлж байсан зүүн төвийн “Авали Лиг” намын удирдагч асан хатагтай Шейх Хасина Энэтхэгт зугтаж очсон байна. 78 настай түүнд 2025 оны арваннэгдүгээр сард эчнээгээр цаазын ял оноожээ. Эсэргүүцэл, тэмцлийг цус асгаруулан дарсан учир шүүх ийм шийдвэр гаргасан бөгөөд намыг нь сонгуульд оролцуулаагүй аж.
2024 оны наймдугаар сард Бангладешт түр Засгийн газар эрх барих болсноор Бээжин хэлхээ холбоогоо бэхжүүлж эднийд оруулсан хөрөнгө нь 800 сая ам.доллар болжээ. Батлан хамгаалах болон эрүүл мэндийн салбар дахь тус хоёр улсын хамтын ажиллагаа ч өргөжсөн байна. Энэ удаагийн сонгуульд хагас зуу шахам нам 300 суудлын төлөө 2000 гаруй хүний нэр дэвшүүлж өрсөлджээ.
60 настай Тарик Рахман сүүлийн 36 жилд Бангладешийн Ерөнхий сайд болж буй анхны эрэгтэй хүн юм байна. Тэрбээр 1965 онд Дорнод Пакистанд төржээ. Эцэг нь Бангладешийн Ерөнхийлөгч асан Зиаур Рахман бол эх нь Ерөнхий сайд асан Халеда Зиа юм. Тийм болохоор түүнийг эсэргүүцлийн хөдөлгөөний давлагаанаар “гудамжнаас гарч ирсэн хүн” гэж яагаад ч үзэж болохгүй нь. Эцэг Зиаур Рахман нь улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэлд тэргүүлэгчдийн нэг байж, 1977-1981 онд Төрийн тэргүүнээр ажиллаж байгаад 1981 онд болсон цэргийн эргэлтийн үеэр амиа алдсан. Бангладешийн Үндэсний намыг энэ хүн үүсгэн байгуулжээ. Ээж нь тус улсын анхны эмэгтэй Ерөнхий сайдаар 1991-1996, 2001-2006 онд ажилласан байна. Сүүлийн жилүүдэд Халеда Зиа авлигын хэрэгт буруутгагдаж гэрийн хорионд байгаад хатагтай Хасинаг огцруулсны дараа чөлөөлөгджээ. Тухайн үед эцэг, эхийнхээ байгуулсан намд өндөр алба хашиж байсан Тарик Рахман ч авлигын хэрэгт бас орооцолдов. Түүгээр ч барахгүй албан тушаалаа хувийн зорилгоор ашигласан хэргээр 2007 онд баривчлагдаж, шоронд 18 сар болж суллагдаад Лондон явжээ. Албан бус мэдээгээр улс төрийг орхино гэсэн амыг нь авч байж түүнийг Бангладешээс гарч явахыг нь зөвшөөрсөн гэдэг.
Рахман 2025 оны арванхоёрдугаар сарын 25-нд л эх орондоо эргэж иржээ. Тав хоногийн дараа ээж нь өөд болов. Нэгдүгээр сарын 9-нд Тарик Рахман Бангладешийн Үндэсний намын албан ёсны удирдагч болсон юм. 2034 он гэхэд улсаа нэг их наяд ам.долларын хэмжээний эдийн засагтай болгоно хэмээн тус нам 2026 оны эхээр олон түмний сонорт хүргэсэн тунхаглалдаа амлалаа. Үүний тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, жижиг, дунд бизнесийг дэмжих аж. Ажилтнуудынхаа мэргэжлийг дээшлүүлж, нэхмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, зам, усан буудал, тээврийн дэд бүтцийг сайжруулна хэмээн Үндэсний намын удирдлага ярих болжээ. Фермийн аж ахуй эрхлэгчид болон ядуу гэр бүлд дэмжлэг үзүүлэхээ ч амлав. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг шударга үнэлж, фермийн аж ахуй эрхлэгчдэд тэтгэмж, зээл олгож, даатгалтай болгохын зэрэгцээ маркетингийн дэмжлэг ч үзүүлэхээр мөнөөх тунхаглалдаа тусгасан байна. Ядуу өрхүүдэд тусгай картаар мөнгөн тусламж болон өдөр тутмын зардлыг нь хэмнэх зорилгоор өргөн хэрэглээний бараа олгож байх юм.
Дэлхийн хэвлэлүүдийн мэдээлж байгаагаас үзвэл Бангладешийн сонгууль бүхэлдээ харьцангуй тайван болж өнгөрчээ. Гэхдээ эрэг орчмын Хулна хотод болсон зодооны улмаас санал хураах нэг байрны дэргэд тэндхийн Үндэсний намын дарга амиа алдаж, төвийн бүсэд гар хийцийн бөмбөг дэлбэрч, гурван хүн шархадсаны нэг нь 13 настай охин байв. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр таван хүн алагдаж, 600 гаруй хүн шархадсан гэж AFP агентлаг цагдаагийн баримтаас эш татан мэдээлсэн. Лалын холбоо нам сонгуулийн дүнд луйвар орсон, 175 сая хүний 90 хувь нь лалын шашинтай байдаг хэрнээ тэндхийн сонгуульд оролцохыг нэг бус удаа хориглож, Ерөнхий сайд байсан Хасинаг унагахаас өмнө алан хядах ажиллагаатай тэмцэх нэрээр тус намыг сонгуульд оролцох эрхийг нь бүрэн хаасан гэж мэдээлж байжээ. Иргэд нь парламентын сонгуульд оролцохдоо ганцаар захирах дэглэмийг сэргээхийн эсрэг улс төрийн реформ хийхийн төлөө саналаа өгсөн байна. Ерөнхий сайдыг хоёр бүрэн эрхийн хугацаанаас илүү ажиллуулахгүй, шүүхийн тогтолцооны бие даасан байдлыг бэхжүүлэх, сонгуулийн үед төвийг сахисан түр Засгийн газар байгуулах, парламентыг дээд танхимтай болгох зэргийг реформ хийх гэж үзжээ. Тус улсыг сэргээн босгосны дараа түр Засгийн газрыг нь Нобелийн энх тайвны шагналт, Парист аж төрж асан Мухаммед Юнус тэргүүлж байсан бөгөөд улс төрийн өөрчлөлтийн эдгээр шаардлагыг тэрбээр дэвшүүлсэн.
Тарик Рахман 1988 онд Үндэсний намд элссэнээр улс төрийн замнал нь эхэлжээ. Тус нам Рахманы ээж Халеда Зиаг Ерөнхий сайд байх үеэс олны хүндлэлийг хүлээх болсон. Хатагтай Шейх Хасинагийн засаглалын жилүүдэд Тарик Рахман авлига, хахууль, мөнгө угаах, хууль бусаар хөрөнгөжсөн, тэр ч бүү хэл, тэсрэх бөмбөг хэрэглэн дайрч довтолсон гэх мэт олон хэрэгт буруутгагдан шүүхээр орж байв. 2007 оноос хойш түүний эсрэг 84 хэрэг үүсгэжээ. Энэ бүхнийг улс төрийн сэдэлтэй гэж Үндэсний нам үзсээр ирж. 2008 оны парламентын сонгуульд “Авали лиг” нам ялж, хувийн аюулгүй байдлаа хамгаалж Тарик Рахман Английг зорихдоо Шейх Хасинагийн тэргүүлсэн эрх баригчид түүнийг хэрэгт холбогдуулж хорьж байхдаа тамлаж зовоосон хэмээн мэдэгдсэн байдаг. Хожим нь Шейх Хасинаг огцруулсны дараа 2024 онд шүүх Тарик Рахманыг бүрэн цагаатгаж, насаар нь хорих ялыг цуцалжээ.
Тарик Рахман өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд нийслэл Дакка хотдоо онгоцноос буугаад гутлаа тайлж, тэнд байх жижигхэн зүлгэн дээр нүцгэн хөлөөрөө гишгэсэн юм гэдэг. Түүнийг дэмжигчид нь маш халуун дотноор хүлээн авсан байна. Хэдэн долоо хоногийн дотор тэрбээр сонгогчдын ихэнх хэсгийн итгэлийг хүлээсэн нь аюулгүй байдал, баялгийг тэгш хуваарилах, авлигатай тэмцэхийг амласантай нь холбоотой байв.
Тарик Рахман Тэнгисийн цэргийн хүчний штабын дарга байсан хүний охинтой 1994 онд гэрлэсэн, тэдний дундаас 1995 онд төрсөн ганц охин Зайна Рахман нь өмгөөлөгчөөр ажилладаг аж.
Р.Жаргалант