ЭРҮҮЛ БОЛОХ ЧИН ХҮСЭЛ НЬ СПОРТ РУУ ХӨТЛӨВ
Хүн хэцүү санагдсан зүйлдээ бууж өгөлгүй тэсвэр хатуужлаар даван туулбал гайхамшгийг ч бүтээж чадах сэтгэлийн хаттайг өөрийн биеэр үлгэрлэн харуулсан тамирчин манайд цөөнгүй бий. Тэдний нэг нь Ц.Баярдаваа. Түүний өрсөлдөөн, тэмцэл ихтэй спортын талбарт хөл тавьсан шийдвэр олны сонирхлыг ихэд татдаг.
Цаг засварчнаар ажилласан тэрбээр 2006 онд зүүн талынх нь гар, хөл мэдээгүй болж, хэвтэрт оржээ. Ханиараа хоёр жил асар ч тойлуулахдаа “Бээжин-2008” паралимпийг үзээд “Хөлгүй, гаргүй хүмүүс тэмцээнд оролцож байхад би ингээд хэвтэж болохгүй, хөл дээрээ заавал босно” гэж өөртөө амласан гэдэг. Тэр жил Гавьяат тамирчин Д.Баатаржав байт харваагаар паралимпийн аварга болсон нь түүнд ихээхэн найдлага төрүүлэв. Өөрийгөө өөрчилж чадсан хүн олон байдаг ч түүн шиг аюулт өвчнийг сэтгэлийн тэнхээгээр даван туулж, ялсан нь ховор. Эрүүл, эрч хүчтэй амьдрахад дасгал хөдөлгөөн хамгаас чухал гэдгийг харуулж яваа тэрбээр хөдөлмөрийн чадвараа алдсан ч спортоор хичээллэн хөл дээрээ боссон юм. Бөөрөнцөг, зээрэнцэг, пауэрлифтингээр хи чээллэдэг тэрбээр өдгөө Монголын пара хөнгөн атлетикийн тамирчин болж, ОУХМ цолны болзол биелүүлэн фитнес клубт дасгалжуулагч багшаар хүртэл ажилласан байна.
Спорттой нөхөрлөсөн тамирчдын түүх сонирхолтой байдаг ч харин түүнийх тэднээс арай өөр. Эрүүл болох чин хүсэл нь спорт руу хөтөлсөн юм. Тэрбээр гэр бүлээ айдас түгшүүр дунд амьдруулахыг хүсээгүй. Тиймдээ ч өөрийг нь сөхрүүлсэн хүнд өвчинтэй бүх хүчээрээ тэмцсэн. Тэмцээд ялсан, ялаад амжилт гаргасан. Хэцүү бүхнийг ардаа орхисон түүнд амьдрал сайхан санагддаг аж. Хүнд боломжгүй зүйл гэж байдаггүй. Спортоор хичээллэж, өвчнөө ялан дийлсэн зан чанар зөвхөн тамирчин хүнд л байдаг гэж тэрбээр өмнө нь боддог байжээ. Одоогоос 10 жилийн өмнө цус харваж, хөгжлийн бэрхшээлтэй болсон түүнийг таван кг-аас дээш зүйл өргөж болохгүй гэж эмч нар тухайн үед зөвлөж байв. Гэтэл одоо тэр байтугай хүнд жинтэй төмөр өргөж байна. Энэ бол спортоор хичээллэсний ач тус.
АЖЛАА ДҮҮДЭЭ ӨВЛҮҮЛСНЭЭР ХАМГИЙН САЙН ЗАСВАРЧИН БОЛЖЭЭ
Спортоор хичээллэсэн хүн идэвхтэй амьдарч, эрч хүч, урам зориг, сэтгэлийн дэмээр урагшилдаг. Түүнийг спорт өөрчилж, өнгөрсөн он жилүүдийн таагүй бүхнээс холдуулсан аж. 1983 онд хуучнаар ЗХУ-ын Ярослав хотын сургуулийг цаг засварчин мэргэжлээр төгссөн тэрбээр Монголд 1992 онд “Болор” хувиараа эрхлэх аж ахуй байгуулан үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хү мүүсийн цагийг баталгаа гарган өдөрт нь засаж, хонож өнжин ажиллан, амрахаа ч хойш тавьдаг байжээ. Мөнгө сайн олж, ар гэрийнхээ амьдралыг хангалуун авч явах тухай бодож, биеэ хайрлахгүй зүтгэснээ хожим ойлгосон гэдэг. Тэрбээр өөрийнхөө ажлыг дүүдээ өвлүүлснээр хамгийн сайн засварчин болж, 2019 онд аварга цагчин, 2020 онд Үйлдвэрлэл хоршооллын тэргүүний ажилтан болжээ.
Хүн гэнэтийн зүйлтэй тэр бүр эвлэрдэггүй. Тэрбээр өөрийгөө ийм болсонд итгэхгүй эхэндээ их бухимдсан аж. Насаараа хэвтэрт байж, хүний асаргаанд он жилүүдийг өнгөрөөх нь гэж сэтгэлээр ч их унаж. Ийм үед хань, үр хүүхэд, найз нөхдийн сэтгэлийн дэм тус чухал ч өөрийгөө зоригжуулж, хөл дээрээ босох итгэл найдлага түүнд хэрэгтэй байв. Нэгэн өдөр зурагтаар саажилттай эмэгтэй бассейнд хичээллэсээр эрүүл болсон тухай нэвтрүүлэг үзээд маргааш нь таяг тулаад Төв бассейн руу алхсан аж. Тэрбээр өдгөө хүмүүст өөрийгөө гайхуулах бус, спортоор хи чээллэн, эрүүл болж өөрчлөгдсөн түүхээ хуваалцдаг. Түүнтэй ийм өвчинд өртсөн хоёроос гурван хүн өдөрт ирж уулздаг гэнэ. Тэрбээр “Сард 60 гаруй хүнтэй ярилцдаг. Намайг зорьж ирээд миний удирдлагад хичээллэсэн 20 гаруй хүн бий. Би өөртөө “Дахиж өвдөхгүй” гэсэн ойлголтыг суулгасан. Тиймээс өглөөг эрч хүчтэй эхлүүлж, фэйсбүүкийнхээ найзуудтай сэтгэл сэргээсэн үгээр мэндэлдэг” гэсэн юм.
ТАМИРЧИН БОЛЖ, ЭМЧ НАРЫГ ГАЙХШИРУУЛАВ
Хэдэн жилийн дараа өвчнийг нь оношилсон эмч нартай тэрбээр пара хөнгөн атлетикийн тамирчин болоод эргэж уулзахад ихэд гайхжээ. Гүн харваж гар, хөл нь мэдээгүй болсон бол эргэж сэргэх нь ховор гэж анагаах ухаанд үздэг байна. Эмч нар одоо түүнийг цус харвасан гэхэд нь итгэдэггүй аж. Тархины зургийг нь харж байж л итгэнэ. “Ачтан” эмнэлгийн мэдрэлийн мэс заслын эмч Ц.Энхбаяртай тэрбээр нэг ангийн анд. Эмч найз нь түүнд нэг удаа “Чи онолоос зөрсөн, гайхалтай хүн шүү” гэж хэлжээ. Ц.Баярдаваа 50 нас хүрэхийн өмнөхөн фитнесээр хичээллэж, 2014 онд Бээжинд нээлттэй тэмцээнд оролцохоор очихдоо 14 орны олон улсын эмнэлгийн комиссоор ороход эмч нар “Та саажилттай хүн байна, F37 ангилалд тогтоолоо. Бүх зүйлээ зохицуулаад тэмцээнд оролцож болно” гэж дүгнэсэн байна.
Тэрбээр энэ тухайгаа дурсаж “Чехийн эмч “Таны өрсөлдөх F37 ангилалд төрөлхийн саажилттай хүмүүс багтдаг. Цус харвасны дараа эрүүл хүн шиг болно гэдэг маш ховор тохиолдол” гэж байлаа. Би Монголын төдийгүй гадаадын эмч нарыг гайхшируулсан шүү дээ. Амьдралыг өөдрөгөөр харах боломжийг спорт надад бэлэглэсэн. “Hearty” клубт фитнесээр хичээллэж байхдаа Ардын багш, Гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, улсын начин Ц.Дамдин агсантай тааралдсан юм. Тэрбээр намайг харчхаад “Харвасан хүн 140 кг-ыг газраас татна гэдэг гайхамшиг. Би чамайг пара хөнгөн атлетикийн холбоотой холбож өгье” гэлээ. Тэрбээр миний замыг зааж, зассан хүн. Түүний ачаар би тамирчин болсон болохоор тусыг нь өгүүлж, үргэлж дурсах дуртай. 2014 онд пара хөнгөн атлетикийн тамирчин болж, залуу тамирчидтай бөөрөнцөг, зээрэнцгийн тэмцээнд оролцож, IV байрт шалгарав. Дараа жил нь Дархан-Уул аймагт болсон зээрэнцгийн тэмцээнд түрүүлж, 2018, 2019 онд болсон зээрэнцгийн УАШТ-д алтан медаль гардсан. Хүчний спортод хөл тавьж, нэг жил хичээллээд паэуэрлифтингийн тэмцээнд газраас таталтын төрөлд 160 кг-ыг өргөж, 145 кг сууж, 100 кг-ыг хэвтээ шахаж, нийлбэр дүнгээр хүрэл медаль хүртсэн бол 2020 амжилтаа ахиулсан юм. Миний хувьд тэр жилийг амжилт арвинтай эхлүүлж, ОУХМ цолны болзол биелүүлэн, Чингэлтэй дүүргийн хүндэт иргэн, Хүнс хөдөө аж ахуйн тэргүү ний ажилтан болсон доо” хэмээн өгүүлж суусан түүгээр өөрийн эрхгүй бахархсан.
МАСТЕРУУДЫН ИХ НААДАМД ӨРСӨЛДӨЖ, ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН НЬ
Шинэ Зеландад 2017 онд болсон дэлхийн мастеруудын их наадамд бөөрөнцөг түлхэлтээр амжилттай өрсөлдөж, дэлхийн аварга болсон нь ойр дотнынхоо төдийгүй олныг алмайруулав. Спортоор хичээллэж, эх орныхоо нэрийг олон улсад гаргасан анхны том амжилт нь энэ байлаа. Түүнийг Окленд хотод болсон тус тэмцээнд оролцоход Чингэлтэй дүүргийн хамт олон зардлыг нь даажээ. Тус дүүргийн биеийн тамир, спорт хороо, “Elite gym” фитнес төвийн хамт олон их дэмжсэн аж. “Тамирчин хүн ганцаараа зүтгээд амжилт гаргахгүй. Дэмждэг хүмүүсийнхээ ачийг амжилтаар хариулах сан гэж хичээдэг дээ гэж хэлээд “Амьдрал таашгүй оньсого. Хичээж чадвал хэн ч амжилт гаргана. Хүсэл тэмүүлэл байвал өөрийгөө дайчлаад зүтгэх хэрэгтэй. Би хамгийн гоё бэлгийг спортоос авсандаа баярладаг. Спорт хүнийг өөртөө татах увидастай. Тэр гайхамшгийг өөрийн биеэр туулж явна. Дэлхийн мастеруудын наадамд амжилт гаргасан мэргэжлийн тамирчид оролцдог. Миний хувьд долоо хоног бүр суулт, цээж, нуруу, мөр гээд хүчний бэлтгэл байнга хийдэг. Тамирчин хүн хэчнээн бяртай, хүчтэй байгаад арга барил, техник тааруу бол амжилт гаргахгүй. Бэлтгэлээр тодорхой үр дүнд хүрэх ч үүнээс гадна хөдөлгөөний эвсэл, уян хатан, овсгоо самбаа, хичээл зүтгэл, итгэл найдвар гээд олон зүйл нөлөөлдөг” хэмээн яриагаа үргэлжлүүлэв.
Хөнгөн атлекийн Гавьяат дасгалжуулагч Д.Махашири, Гавьяат тамирчин Т.Цэрэндолгор, “Мон-Алтиус” дээд сургуулийн багш С.Аюушжав нарын удирдлагад бөөрөнцөг, зээрэнцгийн бэлтгэл базаасан нь дотоод, гадаадын тэмцээнд амжилт гаргахад нөлөөлжээ. “Спортын хүрээллийнхэн Д.Махаширигийн амжилтыг сайн мэднэ. Социализмын үед хаана тэмцээн болно, тэнд оролцож, Монголын нэрийг гаргадаг байсан шүү дээ. Оролцсон тэмцээнүүдээсээ ганзага хоосон ирж байгаагүй тэрбээр их даруу зантай. Зүүн Азийн болон Азийн АШТ-ээс тус бүр хошой хүрэл медальтай, зээрэнцэг шидэлтээр ч олимпын наадамд өрсөлдсөн туршлагатай. Түүний удирдлагад хичээллэсэн тамирчдаас Ц.Баттулга “Парис-2024” пралимпийн наадамд хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд 11.9 метрийн шидэлт хийж, мөнгөн медаль хүртэж, монголчуудыг баярлуулсан. Түүнийг шавь нарынхаа төлөө нойр, хоолоо умартан амрах завгүй зүтгэдэг дасгалжуулагч гэж боддог. Хүч тэй хүн болгон бөөрөнцөг, зээрэнцгээр амжилт гаргадаггүй юм. Маш нарийн техниктэй спорт. Гавьяат тамирчин Т.Цэрэндолгор гуай бид хоёр Өвөрхангай аймгаар овоглодог. Би “Мон-Алтиус” дээд сургуульд багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж, 2017 онд төгссөн. Хөгширсөн хойноо оюутан болж, залуустай хөл нийлүүлэн сурч байлаа. Залуучуудтай хамт суралцах сайхан, тэдний нүднээс оргилсон хүсэл мөрөөдөл, эрч хүчийг хардаг. Дээд сургуульд дөрвөн жил сурахдаа залуу насандаа эргээд очсон мэт санагдсан. Спорт намайг тамирчин, дасгалжуулагч, бас багш болгосон болохоор талархдаг юм” хэмээсэн.
МӨНГИЙГ БУС, ЭРҮҮЛ МЭНДЭЭ Л ХАЙРЛА
Түүнээс “Спорт зарим хүний зан чанарыг таниулдаг гэдэг. Зорилгынхоо төлөө зүтгэсэн он жилүүдэд найз нөхөдтэйгөө уулзах зав бага гарсан уу” гэхэд “Хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун амьдрахаар шунах бодол төрдөггүй юм билээ. Би цагтаа цаг засаж, цалин буухыг хоног тоолж хүлээдэггүй, олсон орлогоороо хангалуун амьдардаг байсан. Тухайн үед над шиг олон найзтай, мөнгөтэй хүн байгаагүй. Харвасны дараа хоёр найзаас минь өөр нөхөр үлдсэнгүй. Хүний мөсийг зовсон үедээ таньсан болохоор ямар ч үед би хүн чанараа гээхгүйг эрхэмлэдэг. Гэр бүл минь ойлгож, дэмжээгүй бол өдий зэрэгтэй явахгүй байсан. Одоо надад зорилго, гэр бүл, үнэнч нөхөрлөсөн хоёр найз минь байхад хангалттай. Хэдэн жилийн өмнө хуучны андуудтайгаа уулзахаар очлоо. Тэд намайг таяг тулаад салгалсан нөхөр ирнэ гэж төсөөлж байсан гэдэг. Гэтэл хослол өмсөж, хар шил зүүгээд очтол мэл гайхсан шүү. Намайг дагаад үеийн нөхөд минь спортод хөл тавьсан. Нэг ангид хамт сурсан ангийн нөхөд минь жил бүр уулзаж, намайг урамшуулдаг юм” гэв.
Тэрбээр хүүхдүүддээ “Эрүүл, залуу байгаа дээрээ дасгал хөдөлгөөн сайн хий” хэмээн захиж, хичээж зүтгэвэл спортод амжилт гаргаж болдгийг зээ нартаа багаас нь ойлгуулахыг хи чээдэг байна. Өөдрөг бодол амьдрах итгэл төрүүлдэг шиг сайхан үг эрч хүч өгдөг. Тэрбээр ярилцлагаа өндөрлүүлэхдээ спорт сонирхогчдод хандаж “Хүнээс урмын үг сонсох сайхан. Энэ бол зөв бодолтой амьдарч байгаагийн илрэл. Хэрвээ би сэтгэлийн хатгүй байсан бол тамир чин болохгүй байлаа. Тэсвэр хатуужил хүнийг хурцалж, зөв зам руу чиглүүлдэг. Харин саад бэрхшээл зорьсон зүйлдээ хүрч чадахыг шалгадаг юм. Хэрхэн амьдарч, унаж боссоныг өөрт тань харуулах сургамж бол цаг хугацаа шүү дээ. Спортоор хичээллэсэн үеэсээ өвчин хэлэхээ больсон. Одоо шавь нараараа хүрээлүүлж, тэднээс урам авч амьдарч байна. Ахмад гэлтгүй ямар ч насны хүмүүс эрүүл мэнддээ анхаарах нь зүйтэй. Сүүлийн үед залуус ширээний ард олон цаг сууж ажилладаг болсон. Ямар ч үед өөртөө цаг зав гаргаж, дасгал хөдөлгөөн хийгээрэй. Ач, зээ нараа гадаа тоглохыг хараад зүгээр суугаа настай хүмүүст “Ач, зээгээ сайн явахыг нь харъя гэж байгаа бол одооноос биеэ бодож бай. Тэднийг тоглож байх зуур 30 минут ч болов дасгал хөдөлгөөн хий” гэж хэлдэг. Зарим нь миний хэлснийг хэрэгжүүлж, маргаашаас нь дасгал хийж харагддаг. Хүмүүст эхлээд идэвхтэй хөдөл, хоёрт, хоол унд, амралтаа зөв зохицуул, гуравт, мөнгийг бус, эрүүл мэндээ хайрлаарай” гэж зөвлөсөн юм.