Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран “Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр-2026” үндэсний форумыг өчигдөр зохион байгуулав. Форумыг нээж Ерөнхий сайд Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр “Манай улсад нэг сая 466 мянга гаруй ажиллах хүчин бий. Ажилгүйдлийн түвшин 5.6 хувьтай байна. Үүнийг бууруулж, иргэдийн орлогыг бодитоор дэмжих шаардлагатай. Хиймэл оюун, дэвшилт технологи зэрэг нь хүнийг орлож, ажилтнаас шинэ ур чадвар шаардан, насан туршийн сургалт, хөгжлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж байгааг харгалзан үзэж, бодлого, зорилтдоо тусган ажиллах хэрэгтэй” хэмээн онцолсон. Мөн Засгийн газраас энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж буй аж.
Оролцогчид дээрх сэдвийн хүрээнд олон улсын хөдөлмөрийн зах зээлд хиймэл оюун, шинэ технологийн дэвшил, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг авч хэлэлцсэн юм. НҮБ-аас 2024 онд хийсэн судалгаагаар дэлхийн хэмжээнд хиймэл оюун хөдөлмөрийн нийт зах зээлийн 40 хувьд нөлөөлнө гэсэн. Өдөр тутмын, давтамж ихтэй, тоон мэдээлэлд тулгуурласан ажлын байрууд үүнд голдуу “өртөх” нь. Ийм салбарын ажлын байрыг хиймэл оюун, робот эзэлж, хүмүүс орлогоо хэдийн алдаад эхэлсэн. Менежмент хийх, ажлын хуваарь гаргахад ч хиймэл оюун ашиглаж буй. Гэвч хүн талаас бодолцох, уян хатан зохицуулах байдал AI-ийн гаргасан хуваарьт муу байдаг аж. Сэтгэл хөдлөл, уян хатан байдал, ухаан шаардсан салбар, ажлын байруудыг хиймэл оюун эзлэх магадлал бага гэсэн үг. Энэ мэт сул тал бий ч ажлаа илүү хөнгөвчлөх, бүтээмжээ нэмэгдүүлэхэд хиймэл оюуныг амжилттай ашиглаж буй олон салбар бийг оролцогчид хэлж байв. Тухайлбал, эмнэлгийн салбарт өвчтөний онош тогтооход хиймэл оюун, технологийн дэвшлийг ашиглан илүү нарийвчлалтай, хурдтай гаргаж буй. Тиймээс хиймэл оюунаас айхын оронд дасан зохицоод, ашигтай байдлаар туслуулах боломж бийг оролцогчид хэлж байлаа. Гэхдээ цаашдын 10 жилд зохистой хөдөлмөрийг дэмжиж, нийгэмд шударга ёс тогтоохын тулд хүн төвтэй хөгжилд анхаарах ёстой хэмээв.
С.Уул