Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бодлого, төлөвлөлтийн суурь мэдээлэл болохуйц томоохон гурван судалгаа хийснээ НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн, МУИС-тай хамтран олон нийтэд танилцууллаа. Үүнээс Гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлтийн судалгааг онцолъё. Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 2184 өрхийг хамруулжээ. Манай улс 2004 онд анх удаа “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал” суурь судалгааг хийсэн бөгөөд үүнээс хойш 2010, 2019 онд тус бүр гаргаж байжээ.
Гэрлэлтийн статистикийн 10 жилийн динамик үзүүлэлтээс харахад 2019 оноос эхлэн гэрлэлтийн тоо тасралтгүй буурч, харин гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна. Тухайлбал, 2019 онд 20 043 гэрлэлт бүртгэгдсэн бол 2024 онд 14 225 болж, 29.1 хувиар буурчээ. Харин 2019 онд 4262 гэр бүл салсан бол 2024 онд 4463 болж, 4.6 хувиар нэмэгдсэн гэнэ. Түүнчлэн гэрлэлтийн дундаж насны үзүүлэлт нь жил ирэх тусам хойшилж байгааг судалгаанд онцлов. Тухайлбал, 1989 онд гэрлэлтийн дундаж нас эрэгтэйчүүдийн хувьд 23.3, эмэгтэйчүү дийн хувьд 21.1 байсан бол 2000 онд эрэгтэй 25.7, эмэгтэй 23.7 болж хойшилсон байна. Харин 2020 онд эрэгтэй 28.6, эмэгтэй 26.7 насандаа гэр бүл зохиож буйг судалгаагаар гаргажээ. Өөрөөр хэлбэл, 1990 оныхтой харьцуулахад гэрлэлтийн дундаж нас таван жилээр хойшилсон байна. Үүнтэй зэрэгцэн төрөх насны эмэгтэйчүүдийн төрөлтийн ерөнхий коэффициент мөн буурах хандлагатай байгаа юм. Тухайлбал, төрөх насны 1000 эмэгтэйд ногдох төрөлтийн ерөнхий коэффициент 1990 онд 34.4 хувь байсан бол 2000 онд 20.4, 2010 онд 23.1, харин 2023 онд 19 хувь хүртлээ буур чээ. Энэ нь гэрлэлтийн нас хойшилсонтой уялдан төрөлт ч буурч буйг илтгэнэ. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн сарын дундаж орлого 2.5 сая төгрөг. Мөн 80.2 хувь нь нэмэлт орлогогүй гэж хариулжээ. Дунджаар дөрвөн гишүүнтэй, 65 гаруй хувь нь 10 болон түүнээс жил хамтран амьдарч буй гэр бүлүүд байж. Тэдний 85 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулжээ. Харин 98 хувь нь гэрлэлтийн болон эд хөрөнгийн талаар ямар нэгэн гэрээ хийгээгүй аж. Судалгаанд хамрагдсан нийт өрхийн 32.9 хувь нь монгол гэрт, 35.1 хувь нь тусдаа хашаа байшинд, 27.4 хувь нь орон сууцад, 1.7 хувь нь хаусанд, 2.3 хувь нь нийтийн байранд амьдарч байна. Мөн нэг анхаарах асуудал нь 50 наснаас дээш гэр бүлд өрхийн тэргүүн нь эмэгтэйчүүд зонхилж байгаа бөгөөд энэ нь эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс бага, зөрүүтэйг харуулж буй юм. Цаашид монгол гэр бүлд санхүүгийн тогтвортой байдал, орон сууцын асуудал, гэр бүлийн харилцааны ур чадвар, харилцан ойлголцол зэрэгт анхаарах шаардлагатайг судалгаанд дурджээ.
Ч.Болор