Нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх, эмэгтэйчүүдийн эрхийн тухай ойлголтыг олон нийтэд таниулах зорилгоор “Баяр уу, эрх үү” нөлөөллийн аяныг улс орон даяар эхлүүлж, өчигдөр Төрийн ордонд “1000 эмэгтэйн мянган амьдрал” нийгмийн хэлэлцүүлэг зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг бялуу, сарнай төдийхнөөр төсөөлөн тэмдэглэх бус, хүн бүр тэгш эрхтэй байхыг шаардаж, “Гэрэл” медиа групп, “Зөвийг шүгэлдэгчид” ТББ хамтран зохион байгуулсан байна. Тэд эл хэлэлцүүлгийг угтан эмэгтэйчүүдийн эрхийн зөрчлийн талаар судалж, тоон мэдээлэлд үндэслэн өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрснээ хэлэлцүүлгийн үеэр танилцуулав. Өөрөөр хэлбэл, судалгааны дүгнэлтээ улс орон даяар танилцуулж, бодлогын түвшинд өөрчлөлт хийхийг шаардсан байна. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын бүх гишүүнийг урьсан ч Г.Хосбаяраас бусад нь ирээгүй аж. Эмэгтэйчүүдийн эрх, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан уг хэлэлцүүлэгт ганц ч эмэгтэй гишүүн ирээгүйг зохион байгуулагчид тодотгов.
Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөх шалтгаан нь ганц салбарын асуудал бус, нийгмийн хандлага, эдийн засгийн бүтэц, институцийн зохион байгуулалт, эрх мэдлийн хуваарилалт зэрэг олон хүчин зүйлээс үүдэлтэйг хуралд оролцогчид онцоллоо. Тухайлбал, гэр бүл болон нийгмийн түвшинд “Эрэгтэй нь шийдвэр гаргана, эмэгтэй нь дагана” гэсэн ойлголтыг хэвийн мэт хүлээн зөвшөөрдөг хандлага нь эрх мэдлийн тэгш бус байдлыг улам баталгаажуулж байна. Мөн ХЭҮК-ын 2024 оны тайланд дурдсанаар ойролцоогоор дөрвөн эмэгтэй тутмын нэг нь хянах зан үйлийн хүчирхийлэлд өртсөн бөгөөд Улаанбаатарт энэ үзүүлэлт 47.7 хувь болж өсжээ. Энэ төрлийн хүчирхийлэл нь хардалтаар илэрч, эмэгтэйчүүдийг мэргэжлээрээ ажиллах, нийгмийн амьдралд оролцоход саад болдог бөгөөд хүчирхийллийн ойлголтыг бие махбодоор хязгаарлахгүй, хянах, боомилох үйлдлүүд бодит хор уршигтайг онцолсон. Хэлэлцүүлэгт нийслэл, орон нутгийн 900 орчим эмэгтэй оролцсон бөгөөд Жендерийн үндэсний хороо, ХЭҮК хамтран зохион байгуулсан аж.
Ч.Туяа