
Бяран уулын ногоон хашийн ордын лицензийг эзэмшдэг “Өргөн цагаан нуур” компанийнхан ашиглалтын талбайдаа камер, “Старлинк”-ийн антен байрлуулсан юм байна. Тайгын хүйтэнд тэдгээр төхөөрөмжийнх нь зай хураагуур хөлдөж, ажиллагаагүй болжээ. Тиймээс засварлах нэрээр 20 гаруй хүнийг уналгын морьтой нь хилийн хориотой зурвас, Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд нэвтрүүлэх гэж байсан удаатай. “Дээрх төхөөрөмжүүдийг засварлахад 2-3 мэргэжилтэн байхад болно. Гэтэл ийм олон хүнтэй яваа нь засварын ажил гэхээсээ ногоон хаш хууль бусаар олборлуулах зорилготой байсан байх” гэж байгаль хамгаалагчид үзээд зөвшөөрөл өгөөгүй юм билээ.
Монгол орны хоймор нутаг Хөвсгөлийг Швейцартай зүйрлэдэг нь үзэсгэлэнт байгаль, ан амьтан, монголчууд бидний Далай ээж хэмээдэг Хөвсгөл нуураас үүдэлтэй бөлгөө. Дэлхийн цэнгэг усны нөөцийн 0.4 хувь нь энэ нуурт бий. Ирээдүйд хэн алттай, валюттай нь бус, хэн цэнгэг устай нь дэлхийн гол тоглогч болно гэж судлаачид тодорхойлдог юм гэсэн. Хэрэв тийм бол бид гол тоглогч биш юмаа гэхэд дэлхийд дээгүүрт жагсах цэвэр усны нөөцтэй юм байна. Хоймор нутгийн хэвлий эрдэнэсээр баялаг. Чухам энэ баялагт шунагсад Хөвсгөлийн голыг тасдахаар санаархаж иржээ. Нэрт сэтгүүлч Ц.Балдорж цаазын тавцанд очоод байсан Далай ээжийн амийг аварснаас хойш нэг хэсэг амар амгалан байсан гэдэг. Нийгмийн шилжилтийн хүнд жилүүдэд хүрз, жоотуу, хөрөө, сүх, галт зэвсэг агссан хэдэн мянган хүн ой мод, ан амьтан, алт эрдэнэс рүү нь улайран дайрсан. Энэ үед нутгаа гэсэн сэтгэлтэй иргэд, байгаль хамгаалагчид Хөвсгөлийнхөө амийг нь арай тасдуулчихалгүй шиг авч үлджээ.
Г эсэн ч аюул нүүрлэсэн хэвээр. Тус аймгийн Цагааннуур, Ренчинлхүмбэ сумын нутаг дахь Бяран уулын ногоон хашийн ордыг ухахааар гадаад, дотоодын шуналтнууд шүлсээ савируулах болсоор уджээ. Жилд 250330 тонн ногоон хаш олборлох боломжтой дээрх ордыг 2006 онд урд хөршийн хөрөнгө оруулалттай “Өргөн цагаан нуур” компани 30 жилийн хугацаанд ашиглахаар лиценз авч, өөрсдийн хөрөнгөөр хайгуул, судалгаа хийсэн юм байна. Ногоон хашийг эд баялаг бэлгэддэг, хүний дотор эрхтэнд сайн нөлөөтэй хэмээн үздэг тул амьдралын чулуу гэх нь бий. Тиймээс манай урд хөршид өргөн хэрэглэдэг аж.
2011 онд байгуулсан Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд тус орд багтжээ. Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг 2025 онд байгуулж, мөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм билээ. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн болоод аж ахуйн ямар нэг үйл ажиллагаа эрхлэх боломжгүй. Нэгэнт лицензийг нь авсан, багагүй хөрөнгө мөнгө зарцуулсан компанийг бас хохироож болохгүй. Гаргасан хөрөнгө, хохирлыг нь нөхөн төлөх мөнгө Засгийн газарт алга. Өөр газарт лиценз өгөх гэхээр ногоон хашийн орд байдаггүй. Шийдлээ хүлээсэн ийм нэг асуудал манай Засгийн газар, эрхэлсэн яам, Тамгын газрынхны толгойны өвчин болоод олон жилийг үдэв. Байгалийн цогцолборт газраар бүртгэсэн Засгийн газар, эзэмшдэг орд газар нь хамгаалалтын бүсэд багтсан компанийнхан ширээний ард сууж, ямар нэг шийдэлд хүрэх л байх. Тэр болтол улсын хилийн хориотой зурвас, Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд багтсан дээрх орд “хүн харх” гэгдэх “нинжа” нарын дайралтад байн байн өртөж, тэдэнтэй хилчид, байгаль хамгаалагчид тулсаар байна. Бидний авсан мэдээллээр ногоон хаш олборлох гэсэн “нинжа” нарын дайралт сүүлийн хоёр жил эрс идэвхэжсэнийг Бяран уулын орд газрын лицензийг эзэмшиж байгаа компани, тэдний гар хөл бологсдын зохион байгуулсан үйлдэл байх магадлалтай гэж нутгийнхан нь ярив. Түүнээс гадна баялагт нь эзэн суух гэсэн хүмүүс зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд нам дагасан төрийн албан хаагчид, тэднийг хүрээлэгчдээр хүчээ зузаатгаж буйг “Сүүлдээ дийлдэхгүйд хүрэх вий” гэж нутгийн олон, байгаль хамгаалагчид сэтгэл түгших болжээ. Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааг өнгөрсөн онд байгуулж, мөн оны дөрөвдүгээр сарын 1-нээс үйл ажиллагааг нь эхлүүлсэн талаар дээр дурдсан. Тус хамгаалалтын захиргаа 23 ажилтантайгаас 14 нь байгаль хамгаалагч. Одоогоор Монголд ганцхан илрээд байгаа ногоон хашийн ордыг ухуулах, ухах гэсэн зорилготой, түүнийгээ ил, далд ярьж явдаг улс төрийн намын цүнх баригчид, тэдний гар хөл бологсод юуны өмнө Байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааг онилоод байгаа бололтой. Тэдний эхний бай нь томилогдоод нэг жил ч болоогүй Хамгаалалтын захиргааны удирдах ажилтнууд байж. Эхний ээлжид Хамгаалалтын захиргааны даргыг яаж ийж байгаад ажлаас нь чөлөөлүүлж, оронд нь 1984 онд төрсөн Д.Идэрмөнхийг томилуулжээ. Өмнө нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргаар ажиллаж байсан энэ хүн багагүй бараан намтартай нэгэн. Тэрбээр тус сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөн хуулийн 22.4 дүгээр зүйлийн нийтийн албан тушаалтан хахууль авсан гэх гэмт хэрэг өдүүлэн АТГ-т яллагдагчаар татагдаж, шүүхээр дэнслүүлж байжээ.

Эдгээрийг камер, антен засварлахад бус ногоон хаш олборлоход ашигладаг юм байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “Шүүгдэгч Д.И (Д.Идэрмөнх) нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37.1.2 дахь хэсэгт заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан, ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, мөн хуулийн 7.1.5-д заасан “Албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардах, 7.1.7-д заасанаар “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэснийг тус тус зөрчиж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын VIII багийн нутаг дэвсгэрт байрлах ажлын байрандаа хахууль өгөгч Д.Б-ийн “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын VI баг “Жаст ойл”-ын хажуугийн 367 ам метр хэмжээтэй газрыг эзэмших гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 2023 оны гуравдугаар сарын 9-нд 01\191 дугаартай “Б.Х-д газар эзэмшүүлэх” гэсэн албан бичгийг “Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-тай ярьсан байгаа, Б.Х-д газар эзэмшүүлэх аймгийн Засаг даргын захирамжийн төсөл боловсруулж гарга” гэж хууль бус үүрэг, чиглэл өгсөн. Улмаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.И-гийн 2023 оны гуравдугаар сарын 10-ны А\97 дугаартай “Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг “Жаст ойл” ШТС-ын хажууд байршилтай худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалт бүхий 367 ам метр газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх” тухай захирамж гаргуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийснийхээ хариуд 2023 оны гуравдугаар сарын 15-нд иргэн С.Б-ын ХААН банкны 5027.... дугаарын дансаар дамжуулан Д.Б-ээс 20 000 000 төгрөгийн хахууль авсан гэх гэмт хэрэг үйлдсэн талаар дурджээ.
Улмаар түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2.1-д зааснаар 15 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна. АТГ-аас гэм буруутайг нь тогтоосон ч түүнийг ялласан Эрүүгийн хуулийн зүйл ангийг шүүгчид өөрчилж, шийтгэжээ. Өргөсөн тангаргаа ноцтой зөрчсөн энэ хүнд ёс зүйн хариуцлага хүлээлгэж, төрийн албанд дахин ажиллуулах ёсгүй баймаар сан. Харамсалтай нь, манай төрд, төрийн албан хаагчдад ёс зүй гэж байдаггүйтэй адил тул яалтай билээ. Тиймээс энэ хүнийг төрийн хариуцлагатай албанд дахин томилж, өөрөө ч уг ажилд очсон байх юм.
Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга бол улс төрийн албан тушаал биш. Төрийн мэргэшсэн албан хаагч, сонгон шалгаруулалтад орж байж хашдаг хариуцлагатай ажил. Гэтэл шүүхээр ял шийтгүүлсэн Д.Идэрмөнхийг БОУАӨЯ-наас Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар томилжээ. Ингэхдээ Төрийн албаны тухай хуулийн дагуу ямар нэг сонгон шалгаруулалт зарлаагүй байна. Төрийн албаны зөвлөлийн шалгалтын “Open-Exam” цахим системд Хөгнө-Тарнын, Монгол элсний, Горхи, Тэрэлжийн, Нөмрөгийн, Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай болон Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан байх аж. Энд Хөвсгөл аймгийн Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын орон тоонд сонгон шалгаруулалт явуулах талаар зар алга. Түүнчлэн Хөвсгөл аймаг дахь салбар зөвлөлийн цахим системд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны даргын орон тоонд сонгон шалгаруулалт зарлажээ. Мөн тодорхой, нэр хаяггүйгээр “Улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалалтын захиргаа” гэсэн нэгэн зар оруулсан байх аж. Үүнийг Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргыг сонгон шалгаруулах зар байсан гэж үзвэл нэрийг нь нуух, орхигдуулан бичих ямар зорилго байв. Нэр дэвшигчдээс нууж хаан байж сонгон шалгаруулалт явуулсан нэр зүүж, тодорхой хүнд буюу Д.Идэрмөнхөд дээрх албыг өгөх гэсэн юм болов уу гэж хардах үндэслэл ч байгаа юм.

Ногоон хашийг усаар буудаж, шороо, шавраас нь цэвэрлэдэг аж. Камер засварлагчдад усны хоолой, шахуурга ямар хэрэгтэй билээ.
Д.Идэрмөнх даргаар томилогдохоосоо өмнө Хамгаалалтын захиргааны зарим ажилтантай уулзаж “Улаанбаатар луу явж, “Өргөн цагаан нуур” компани (Бяран уулын ногоон хашийн ордын лицензийг эзэмшигч)-ийнхантай нууц уулзалт хийе” гэсэн санал тавьж байсан гэх мэдээлэл бий. Тус компанийнхан ч дээрх захиргааныхантай уулзаж “Бидэнтэй хамтарч ажиллах юм бол ажил чинь баталгаатай болно. Унаа машин, хөрөнгө мөнгөөр тусална” гэж амласан гэх.
Тэнгис, Шишгэдийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа тойрсон асуудалд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарын орон тооны зөвлөх Ч.Мөнхжаргал, Цагааннуур сумын Засаг дарга Д.Отгонсүрэн нарын нэр ихээхэн дуулдаж байна. Яамдыг дэд сайдтай болгосноор зөвлөхийн орон тоог цомхотгосон ч энэ хүн одоо болтол тэр албан тушаалаа хашсаар буй юм. Ямар ч гэсэн Сайдын зөвлөх гэсэн нэрээрээ бүртгэлтэй хэвээр буйг тус яамны цахим хуудаснаас харж болно. Үйл ажиллагаа нь эхлээд удаагүй байгаа Хамгаалалтын захиргаанд юуны учир халаа сэлгээ хийгээд буйг ажилтнууд нь түүнээс асуухад “Энэ бол улс төрийн бодлого, шийдвэр” хэмээн хариулсан гэсэн. Ч.Мөнхжаргал нь ИЗННын томоохон албан тушаалтан юм гэсэн. Тэгвэл МАН-ын гишүүн Д.Отгонсүрэн нь Цагааннуур сумын ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдохдоо “Би сумын Засаг дарга болбол Бярангийн ногоон хашийн ордыг ашиглуулна” гэж ярьж явсан аж. Тэрбээр сумын Засаг дарга болохын тулд бус л багагүй бантан хутгасан гэж учир мэдэх хүмүүс ярьдаг юм билээ. Засаг дарга Д.Отгонсүрэн өнгөрсөн зунжингаа хятад иргэдтэй нутгаараа хөндлөн гулд явсан гэх. Түүнтэй хамт явсан хүмүүсийг “Өргөн цагаан нуур” компанийнхан байсан болов уу гэж нутгийнхан нь ярьсан.
Л.Оюун-Эрдэнэ огцрохоосоо хэдхэн хоногийн өмнө хилийн хориотой бүсэд газар эзэмшүүлэх зөвшөөрлийг бөөнд нь баталсан байсныг Ерөнхий сайд Г.Занданшатар хүчингүй болгосон билээ. Тэгвэл хилийн хориотой зурваст, Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүс дэх баялгийг ухахаар санаархагчид улс төрийн намын нэрээр амилж байгааг хууль хяналтын байгууллагынхан анхаарах буй за.
Д.Заяабат