УИХ-ын даргын захирамжаар 2024 онд байгуулсан Иргэний хуулийн асуудлаарх ажлын хэсгээс үүний хэрэгжилтийн нөхцөл байдалд хийсэн дүн шинжилгээний тайланг танилцуулж, онол, практикийн хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ УИХын дарга Н.Учрал Иргэний хуулийг зах зээлийн эдийн засгийн суурь харилцааг зохицуулж, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулсан, өмчийн эрх, гэрээний чөлөөт байдал, үүргийн эрх зүй, өв залгамжлал, гэм хор, олон улсын хувийн эрх зүй гээд иж бүрнээр системчилсэн эрх зүйн баримт бичиг гэдгийг онцоллоо. Тиймээс Иргэний хууль болон хувийн эрх зүйн салбарын бусад хууль тогтоомжийн харилцан хамаарлыг нарийвчлан судалж, давхардал, зөрчлийг арилгах замаар бизнесийн эрх зүйн харилцааг эрүүлжүүлэн чөлөөлөх хэрэгтэйг дурдав. Уг хуулийг анх 2002 онд баталснаас хойш 29 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Ажлын хэсгээс 45 судлаач, эрдэмтэнтэй хамтран ажиллаж, хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийсэн аж. Тэд иргэний эрх зүйн ерөнхий анги, өмчийн, гэрээний эрх зүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэм хороос үүсэх үүрэг, өв залгамжлал болон олон улсын иргэний эрх зүй гэсэн таван чиглэлээр ажиллажээ. Судлаачид хуульд хэрэгжихгүй болон дутуу байгаа заалтыг тогтоож, үүнийг бие даасан хуулиар салбарлуулан зохицуулахдаа, тухайлбал, Арилжааны хууль баталъя гэвэл ямар цар хүрээтэй байх вэ гэдгийг тодорхойлсон байна. Иргэний хуулийн Ерөнхий ангийн судалгааг судлаач Н.Отгончимэг ахлагчтай баг хариуцан гүйцэтгэжээ. Тэрбээр энэ талаарх хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг тавив. Тэд хуулийг бүхэлд нь шинэчлэх шаардлагагүй, тодорхой хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн аж.
С.Уул