Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 820 жилийн ой энэ онд тохиож буйтай холбоотойгоор Засгийн газраас өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд тогтоол гаргаж, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан, бэлтгэл ажилдаа орсон билээ. Түүхэн ой гэдэг үндэсний бахархал, эв нэгдлийн илэрхийлэл гэдэг үүднээс ч тэр үү, монголчууд жил бүр ямар нэгэн тэмдэглэлт ой, баяр ёслолыг их, багын ялгаагүй, тэгш, сондгой он тоолол хамаагүй өргөн дэлгэр тэмдэглэдэг. Гэвч сүүлийн жилүүдэд монгол үндэсний түүх, соёлын бэлгэдлийг нутаг дэвсгэрээр “өмчлөх” хандлага илт ажиглагдах болов. Улс үндэстний түүх бол аль нэг аймгийн, хэн нэг даргын өмч биш.
Түүх бол үндэстний хамтын “өв” юм. Гэтэл төр улсын түүхийг нутаг дэвсгэрээр хамаатуулан өмчилж, жалга довны үзлээр хандах нь үндэсний ой санамжийг бүдэгрүүлэн “давжааруулах” эрсдэлтэй. Иймийн учир дэлхийн дайдад суу алдраа цуурайтуулсан Их Монгол Улсынхаа түүхэн тэгш ойгоор ядаж “миний, манай” гэж өрсөлдөхгүй, монгол түмний нийтийн ой санамж, хамтын үнэт зүйл, бахархал, нэгдмэл дархлааг бий болгоход илүү анхаарч, төвлөрөх шаардлагатай байна шүү, Шадар сайд аа.
Үндсэн хуулиараа ч тэр, үүх түүхийн улбаагаа харсан чиг л Монгол бол яах аргагүй нэгдмэл төрийн байгууламжтай улс. Гэтэл улс төрийн үзэл баримтлал, нам, түүх, соёл, шашин, бөх гээд хуваагдаж болох бүх ялгарлаар хуваагдаж, үндэснийхээ бэлгэдлийг нутаг дэвсгэрээр “өмчлөх” сэтгэлгээ газар авбал энэ нь төвлөрсөн төрийн зарчимтай зөрчилдөхөөс гадна нэгдмэл үнэт зүйлийг задлах эрсдэлтэй. “Чингис хаан манай сумын хүн байгаа юм”, “Их Монгол Улс манай аймагт анх байгуулагдсан түүхтэй”, “Их хуралдай болсон газар чинь манай энэ гол, ус шүү дээ” гэх мэтчилэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр хамаатуулан түүхэн ойг “нутагшуулах”, “аймгийн брэнд”-ээ болгон өмчлөх хандлага газар авч буй нь нууц биш.
Их Монгол Улсын 815 жилийн ойгоор Хэнтий аймагт төсвийн хөрөнгөөс хоёр тэрбум төгрөг зарлагадан бүтээсэн “Андлалын өргөө” цогцолбор нь олон нийтийн эрс эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарангуут 2021 онд нурааж, татвар төлөгчдийн хандиваар суурин дээр нь дахин өөр нэртэй хөшөө босгосон түүхтэй. “Их Эзэн Чингис хааны үнэнч анд “Хөлөг баатар” Боорчийн өлгий нутаг Хэнтий аймгийн Батноров сумын Хөхүүрийн хөндийд Андлалын өргөө хөшөөт цогцолборыг хоёр жилийн хугацаанд хийж дуусгалаа” хэмээн тухайн үеийн Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба агсан сошиал хаягаараа бахархалтайгаар зарлаж байв. Энэ жил мөн тус аймгийн удирдлагууд, тэндээс УИХ-д сонгогдсон гишүүд яаж “огшиж”, юу санаачлахыг үнэндээ таашгүй
Ирэх 2027 онд эзэн Чингис хааны мэндэлсний 865 жилийн ой тохионо, араас нь 2029 онд Тэмүүжинг Хамаг Монголын хаан ширээнд залж, Чингис хаан цол өргөмжилсний 840, 2030 онд “Монголын нууц товчоон”-ы 790 жилийн ойг тус тус тэмдэглэнэ. Энэ бол Монгол Улс төдийгүй, дэлхийн монгол туургатнууд, монгол угсаатны хэмжээнд, олон улсын түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх ёстой түүх, хэл, бичиг, өв соёл, оюун сэтгэлгээний их баяр байх учиртай.
1206 онд Онон мөрний эхэнд чуулсан монгол ноёдын Их хуралдайгаар Их Монгол Улсыг байгуулснаас хойших 820 жилийн хугацаанд, түүнээс өмнөх цаг үедээ ч бид Төв Азийн цээжинд орших энэ газар нутагтаа аж төрж буй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд хэдэнтээ өөрчлөгдөж, цаг үеийн шаардлагаар өөр өөр хуваарилалт, зохион байгуулалтад орж байсан ч нүүдэлчин монголчууд нэгдмэл төрийн байгууламжтайгаа өнөөг хүртэл явж ирсэн юм. Гэтэл 2023 онд таван аймаг нэг нэгэнтэйгээ уралдан, барьцан, өрсөлдөж, зарим нь бүр “манайх анхдагч шүү дээ” гэж маргалдаж талцсаар 100 жилийн ойгоо шил шилээ даран нүсэр тэмдэглэсэн явдал дараа дараагийнхад нь “өвлөгдөв”.
Өнгөрсөн жил гэхэд Увс аймаг 100 жилийн ойгоо өмнөх таваас хэрхэн давуулан биелүүлж тэмдэглэхийн тухайтад дээр, доргүй ухаанаа уралдуулж, улс төрчид нь хувь, хувьсгалын төсөв хөрөнгийг хайр гамгүй зарцуулж, бизнесийнхэн нь бие биенээсээ өрсөн хандив цуглуулсан гэдэг. “Ховд хотын 340 жилийн ой 2025 онд тохиож байхад яахаараа манай аймаг 100 жилээ хийдэггүй юм” хэмээн Ховд аймгийнхан бас барьцах маягтайгаар зарим судлаач нь байр сууриа илэрхийлсэн байсан. “Гуя дагаж, хүзүү” гэдэг шиг аймгийнх нь 100 жил болоогүй байхад зарим сум түрүүлээд ойгоо тэмдэглэчихнэ ээ, бас. Энэ бүгдээс юу “үнэртэж” буйг хэрэв анзаардаг бол гашуун аа.
ЗУУН ДАМЖИН ТАЛЦАХ СЭДЭВ: 100 ЖИЛИЙН ОЙ
100 жилээс өмнө Архангай, Хэнтий, Төв, Завхан, Говь-Алтай, Увс аймгийн нутагт монгол хүн амьдарч, аж төрж байгаагүй юм шиг гэнэт “төрөл арилжин”, хаа нэгтэйгээс нүүдэллэж харийнхан ирсэн аятай нутаг усаараа нэгдэх гэх үү, талцах гэх үү хөдөлгөөнд орцгоосон. Ах дүү, амраг садан, нэг гэр бүлийнхэн хүртэл “манай, танай” болон хэдэн тал руу хуваагдан оддог. Түмэн олноороо талцаж, хуваагдаж, өрсөлдөж, маргалдан байж түүхт ойнуудыг алгасахгүй тэмдэглэхийн цаана ямар ашиг сонирхол байж болох вэ. “Унасан газар, угаасан ус” хэмээх ойлголт ямар ч үнэтэй, сонирхолтой аялал жуулчлалын брэндээс илүү монгол хүний тархи, зүрхэнд шууд хүрдэг. Тиймээс ой тэмдэглэх нэрийдлээр хэдэн зуун тэрбумын хандив цуглуулж, дундаас нь төсөв хөрөнгө шамшигдуулах нэгэн байхад сонгогчдод танигдах, улс төрийн оноо авах гэсэн эрх мэдэлтнүүд, горилогсдод хамгийн сайхан далим болдгоороо онцлог. Өнгөрсөн жил аймгийнхаа түүхэн ойг тэмдэглэх үйлсэд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн идэвхийлэн гар, бие оролцож, өөрийнхөө төсвийн багцаас хүртэл хоёр тэрбум төгрөг нэмж гаргаж өгснөө Увсын стадионы төв асраас сайрхан зарлаж байв.
Аймаг, сумдын түүхт ойг тэмдэглэх арга хэмжээний төсөв, санхүүжилтийг ил тод, нээлттэй зарладаг бол хуульд нийцсэн, нийцээгүй янз бүрийн баримт сэлт мундахгүй гарна даа. Ерөөс монголчуудын хувьд түүхэн томоохон ойг нэгдсэн бодлого, зохицуулалтаар тэмдэглэх зайлшгүй шаардлага бий. Аймаг, сум бүр ойгоо тусдаа зохион байгуулахын хэрээр хяналтгүй, үрэлгэн төсөв санхүүгээс эхлээд түүх, соёл, үндэсний нэгдмэл үнэт зүйлийн агуулга бүдэгрэх, нөгөө талд нутаг усны талцал хагарлыг өрдөх эрсдэлтэй. Түүхэн ой гэдэг үндэсний ой санамж, дархлааг сэргээн, бэхжүүлэх нэгэн чухал хөшүүрэг учраас төрийн бодлогын механизм үүнд хэрэгтэй. Одоогийнх шиг ой тэмдэглэнэ гэхээр томоохон стадион байгуулж, тэндээ урлаг, спортын арга хэмжээ зохиогоод, уламжлал ёсоор бөх барилдуулах, морь уралдуулахад голлон анхаардаг хэвээрээ байвал давхардуулсан тэр их зардлыг хумих нь зүйн хэрэг.
Улсын баяр наадмын нээлт, хаалтаар энд Улаанбаатар хотод, Төв цэнгэлдэхэд төрт ёсны их уламжлал, хүндэтгэлийн дагуу улсынхаа түүхэн ой, түүхт хүмүүсийн мэлмий гийсэн баярт үйл явдлыг бид хангалттай нэгдсэн байдлаар тэмдэглэдэг. Гэтэл Чингисийн “төрсөн өдрийн парти”-г Хэнтийд заавал хийнэ, Өндөр гэгээний мэндэлсэн ойг Өвөрхангайд дахиж тусад нь заавал тэмдэглэнэ, Ламын гэгээний ойг Баянхонгорт нижгэр зохион байгуулна гэж өмчирхөн, талцах нь утгагүй.
ЧИНГИС ХААН ХЭНТИЙНХ, ӨНДӨР ГЭГЭЭН ӨВӨРХАНГАЙНХ, НАЦАГДОРЖ ТӨВ АЙМГИЙНХ ГЭХ ҮҮ
Өнөө жил Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож буй. Засгийн газраас мөн л ой тэмдэглэх тогтоол шийдвэр нь гарсан байна билээ. XX зууны Монголын урлаг, утга зохиол, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, шинэ үеийн оюун санааны үндэс суурийг тавьсан их Д.Нацагдоржийнхоо түүхт ойг Төв аймгийн Баяндэлгэр сумынхан тэмдэглэнэ гэж зүтгэнэ, Багануур дүүргийнхэн “Их Нацагийн мэндэлсэн газар болох Гүн галуутай нуур чинь манай дүүргийн нутаг дэвсгэрт байдаг шүү дээ” хэмээн мэтгэлцэн, булаалдах нь ойлгомжтой.
Түүхэн ойг өмчлөх дуртай манайхан түүхт хүмүүсийг бол булаалдах нь энүүхэнд. Өнгөрсөн жил Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн түүхт ой тохиоход өвөрхангайчууд “өм чирхөөд”, улсад бараг халгаагаагүй. Өндөр гэгээн Занабазар бол Монголын анхдугаар богд, шашин, төрийг хослон баригч, XVII зууны Монголын оюун санааны ертөнцийн цөм, үндэсний өв соёл, уран баримал, сэргэн мандлын гол шинэчлэгч байсан.
Өндөр гэгээний түүхт ойг тухайн нутаг нь тэмдэглэх буруу биш л дээ. Харин түүнийг зөвхөн Өвөрхангайн бахархал мэтээр хүрээлж, улсын хэмжээний цар хүрээтэй бодлого, нөлөөллийн үйл ажиллагаа хийгээгүй нь хайран. Өндөр гэгээний мэлмий гийсний түүхт 390 жилийн ой болж байгааг цомхон хүрээний эрдэмтэн судлаачид, шашны төлөөлөл оролцсон эрдэм шинжилгээний хурлаас олон нийт мэдэж авах жишээний. Түүхэн суут хүмүүсийг нутаг орондоо “наан өмчлөх” нь бахархал мэт боловч бодит байдал дээр үндэсний хэмжээний оюун санааны бэлгэдлийг жижигрүүлж буй хэлбэр юм. Өчигдөр Занабазар Өвөрхангайн “өмч”, өнөөдөр Чингис хаан Хэнтийнх, маргааш Нацагдорж Төв аймгийнх, эсвэл Багануур дүүргийн бахархалт хүн төдийгөөр ирээдүй хойчид ойлгогдох бол яана. Нэртэйгээр нь аймаг, дүүргийн “хүндэт иргэн” болгож өргөмжилсөн ч мэдэхээр омогшил, хийрхлийн цаг үед бид амьдарч байна. Төвлөрлийг сааруулах бодлого байж болно. Харин төрт улсын түүх, соёл, нэгдмэл ухамсрыг задлах эрх хэнд ч байхгүй.
Төрсөн газар нь газар зүйн хөдөлшгүй баримт байж болох ч тухайн суутнуудын үлдээсэн өв, түү хэн үнэ цэн бол яах аргагүй үндэстний хамтын өмч. Монгол Улс төрт ёсны гүн утга төгөлдөр тэмдэглэлт ойгоо, түүхэн хүмүүсийн мэндэлсэн цагалбарыг жил бүр тоог нь нэмэн зүгээр нэг тэмдэглээд өнгөрөх үү, эсвэл тэрхүү үнэт зүйлээрээ үндэстэн нэгдэх, бахархах, урагшлах шалтгаан болгох уу?
Л.Аргамжин