“ДЦС-4”-ийн зуух эвдэрсний улмаас өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлчээр Улаанбаатар харанхуй хот болсон. Нийслэлийн ихэнх газар цахилгаангүй болж, иргэд цахилгаан шатанд гацахаас эхлээд, эд хөрөнгөөрөө хохирсон билээ. Эрчим хүчний салбарт үүссэн гэмтэл саатал, цахилгааны хязгаарлалттай холбоотой Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд асуудлыг цэгцлэх 30 хоногийн хугацааг Ерөнхий сайд өгсөн нь өнгөрсөн баасан гарагт дууссан юм. Уг асуудлыг шийдвэрлэж амжаагүй байтал гуравдугаар сарыг дуустал цахилгаан таслах хуваарийг “Улаанбаатар цахилгаан түгээх станц” ТӨХК-иас гаргажээ.
Тодруулбал, тус компаниас энэ сард цахилгааны шугам, тоноглолд засвар хийх тоймчилсон байршил, цагийн хуваарийн мэдээллийг гаргасан бөгөөд өчигдрөөс зарим байршилд хязгаарлаж эхлэв. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 12, 13 дугаар хорооны айл өрх, албан байгууллагын цахилгааныг 11.00-17.00 цагийн хооронд тасалжээ. Энэ сарын 9-нд Хан-Уул дүүргийн 15, Сонгинохайрханы ес, 10, 11, 28, Сүхбаатарын нэг, Баянзүрхийн найм, арав, 17 дугаар хороо болон Төв аймгийн Зуунмодын зарим айл өрхийн цахилгааныг 09.00-19.00, 11.00- 17.00 цагийн хооронд хязгаарлах гэнэ. Мөн 10-нд Сонгинохайрхан дүүргийн найм, ес, арав, арваннэг, 28, Баянзүрхийн 20 дугаар хороо болон Төв аймагт цахилгаан таслах бөгөөд энэ нь гуравдугаар сарыг дуустал үргэлжлэх юм байна. Ташрамд, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэнэ, засварын ажлыг тухайн тоноглолын хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг тул иргэдийг хүлээцтэй хандахыг тус байгууллагаас сануулжээ.
Ч.Цэлмэг