“Банкны салбарын тойм-2025”-ыг Монголын банкны холбооноос (МБХ) өчигдөр танилцууллаа. 2025 онд манай улсын эдийн засаг 6.8 хувиар өссөн. Үүнд хөдөө аж ахуйн салбарын өсөлт голлон нөлөөлсөн бөгөөд уг салбарт олгосон зээлийн хэмжээ сүүлийн хоёр жилд нэмэгдсэн нь түлхэц болсон гэв. Түүнчлэн өнгөрсөн жил нүүрсний үнэ тооцоолсноос буурсан ч зэсийнх өссөн учраас гадаад худалдааны тэнцэл 6.7 хувийн ашигтай гарсан байна. Харин төсвийн алдагдал 1.2 их наяд төгрөгт хүрч, зардал нь 35 хувиар өсжээ. Хэдийгээр төсвийн сахилга бат сайжирч байгаа ч 2023-2025 онд 32-38 хувийн алдагдал хүлээжээ. Энэ нь олон улсад байхгүй өндөр үзүүлэлт бөгөөд БНАСАУ болон Монголын төсөв л ийм өндөр зардалтай байгааг МБХ-ны гүйцэтгэх захирал Л.Амар онцлов. Түүнчлэн банкнууд нийт эзэмшлийнхээ 20 хувийг л хувьцаа хэлбэрээр олон нийтэд санал болгосон. Энэ нь тухайн банкны үйл ажиллагаанд хяналт тавих, олон нийтийн оролцоог хангах боломжийг хязгаарлаж буй хэмээв. Багадаа 34 хувийг нь олон нийтэд эзэмшүүлснээр хөрөнгө оруулагчид хяналтын багцтай болох аж. Тиймээс ийм хуулийн төслийг ирэх хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөжээ.
Ташрамд дурдахад, өнгөрсөн онд БНХАУын эдийн засаг тав, ОХУ-ынх нэг, АНУ-ынх хоёр орчим хувиар өсжээ. Харин 2026 онд дэлхийн ДНБ-ий хэмжээ өнгөрсөн жилийнхээс 2.6-3.3 хувиар нэмэгдэх бөгөөд хиймэл оюун ухаан болон технологийн салбарын хөгжүүлэлт улам идэвхжин, эдгээр салбарт шаардлагатай түүхий эд, бүтээгдэхүүний үнийн өсөлт саарахгүй байх аж. Мөн улс орнуудын гадаад бодлогын өөрчлөлт, худалдаа, тарифын маргаан, геополитикийн эрсдэл зэргээс шалтгаалж дэлхийн эдийн засгийн өсөлт таамагласнаас өөрчлөгдөх магадлалтайг олон улсын эх сурвалжид тэмдэглэжээ.