АНУ-ын Нью-Йорк мужийн их сургуулийнхны хийсэн нэгэн судалгаа дэлхийн нийтийн анхаарлыг татаад байна. Тэд түрүү булчирхайн хорт хавдрын эдэд шинжилгээ хийхэд бичил хуванцрын хэмжээ хавдаргүй эдийнхээс 2.5-3 дахин их хуримтлагдсаныг тогтоожээ. Тодруулбал, түрүү булчирхайн хавдрын эдийн 90 хувьд нь бичил буюу маш жижиг хэмжээтэй хуванцрын хэсгүүд илэрсэн байна. Хорт хавдартай нэг грамм эдийн сорьцод дунджаар 40 микрограмм хуванцар байгааг илрүүлжээ. Энэхүү судалгаа нь барууны орнуудад түрүү булчирхайн эд дэх хуванцрын хуримтлалыг хавдартай, үгүйгээр нь харьцуулснаараа анхдагч болоод буй аж.
Судалгааны дүнд үндэслэн эрдэмтэд бичил хуванцар (өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнээс амьсгалахад, эсвэл хоол, хүнсээр дамжин хүний биед орсон байх магадлалтай) нь хорт хавдар үүсэхэд шууд, ялангуяа архаг үрэвсэл өдөөх замаар нөлөөлж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, гаднын биетүүдэд хүний бие махбодын дархлааны тогтолцоо удаан хугацаанд хариу урвал үзүүлснээр гений дараалал гэмтэж, улмаар хавдар үүсгэдэг аж.
Судалгааны багийн ахлагч, доктор Стэйси Лөб “Өмнө нь бид бичил хувцанцар нь зүрх, судасны өвчин болон сэтгэц, мэдрэлд нөлөөлж байгааг тогтоосон. Харин одоо түрүү булчирхайн хорт хавдартай холбогдож байна. Энэ төрлийн хавдар нь америк эрэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог. Иймд орчны эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах байгаль орчны хатуу зохицуулалт шаардлагатай” гэдгийг онцоллоо.