Хүний эрхийн үндэсний комисоос гаргасан 2024 оны хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-аар хэлэлцсэний дараа 77 дугаар тогтоол гаргаж, үүнд хөгжлийн бэрхшээлтэй болон гадаадад амьдардаг иргэд, хаягнаасаа өөр газар байгаа сонгогчдын саналыг авч, сонгох эрхийг эдлүүлэхэд анхаарах үүргийг Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд өгсөн аж. Үүний дагуу тус хорооноос өнгөрсөн сонгуулиудын зохион байгуулалт, сонгогчдын оролцоог судалсан байна. 1993 онд зохион байгуулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн ирц 92.7, 1997 онд 85.1, 2001 онд 82.9, 2005 онд 74.98, 2009 онд 73.59, 2013 онд 66.5, 2017 онд 68.27, 2021 онд 59.29 хувь болж буурчээ. 2025 онд 21 аймаг, 330 сумын нийт 11 700 сонгогчийг хамруулсан “Сонгогчийн зан төлөвийн судалгаа” хийхэд сонгуульд оролцоогүй шалтгаанаа иргэд 33.9 хувь нь санал авах өдөр байнгын оршин суугаа газраасаа өөр байршилд байсан, 7.7 хувь нь оюутан бөгөөд орон нутагт оршин суух хаягтай, 0.5 хувь нь гадаадад байсан гэжээ. Тиймээс санал авах өдөр харьяаллын газраасаа өөр байршилд байх дээрх шалтгаантай сонгогчдын саналыг урьдчилж авдаг зохицуулалтыг хуульд оруулахаар СЕХноос санал боловсруулж дууссан гэнэ. Улмаар энэ саналаа УИХ-д хүргүүлэх бөгөөд үүний дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах нь.