Ерөнхий сайд Г.Занданшатар бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын танхимдаа сэлгээ хийж, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилж буйгаа өчигдөр мэдэгдэв. Долоодугаар сарын 9-нд Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоосноор тэнд нүүрлэсэн нүүрсний хулгайн олон арга замыг таслан зогсоож, холбогдох баримтыг АТГ-т хүлээлгэн өгсөн гэнэ. Нүүрсний хулгайтай тэмцэх гэсэн нэрийн дор тэрбээр МАНын даргын сонгуульд ялагдсан “бухимдлаа” гаргаж, хариу арга хэмжээ авч буй аж.
Ерөнхий сайд “Намайг ажил авахад төсвийн орлого 3.3 их наяд төгрөгөөр тасрах эрсдэл үүссэн, эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж унасан байсан. Үүний гол шалтгаан нь нүүрс байв. Ерөнхий сайдаар томилогдоод төсөвт тодотгол хийж, зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэсэн. Оны эхний найман сарын дүнгээр эдийн засгийн өсөлт 5.7 хувьд хүрлээ. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоосны дүнд биржийн тээвэр 1.5, экспорт 1.2, үр ашиг хоёр, орлого нь гурав, олборлолт 1.3 дахин тус тус өссөн байна. Валютын нөөц 5.5 тэрбум ам.доллар болсон. Энэ бол тэнд бугшсан хулгайтай тэмцсэний үр дүн юм. Долоодугаар сарын 19-нд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн уурхайд ажилласан. Баяжуулах үйлдвэрийг уурхайгаасаа 18 км-ийн зайд барьчихаад, 280 тэрбум төгрөгөөр конверийн шугам хийж байна. Үүнийг барьж дуустал уг үйлдвэр үр ашиггүй болно. Мөн тээвэрлэлтэд 1.5 сая төгрөг зарцуулж байсныг 400 мянга болголоо. Ийм үрэлгэн байдлыг зогсоон, нүүрсний хулгайг нэгмөсөн тасалж, эдийн засгаа сэргээхийн тулд тэнд байгаа ордуудын үр ашгийг сайжруулах хэрэгтэй. Тиймээс Тавантолгойн бүлэг ордоос ашиглаагүй үлдсэн ганц нь болох Бортээгийн уурхайг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг 2026 оны төсөвтэй хамт өргөн барьсан юм. Тэгмэгц гурван сарын өмнө л МАН-ын даргад нэрээ дэвшүүлэхгүй гэж байсан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан шийдвэрээ гэнэт өөрчилж, мэдэгдэл хийсэн. УИХын даргыг нүүрсний эсрэг тэмцэлд хамтарна гэж бодож байсан, түүнийг уг хэрэгт холбоотой гэж итгээгүй. Гэвч уг асуудалд холбогдсон байсан. Өнөөдөр эвтэй байх тухай ярьж байна. Эв нэгдэл шударга ёсонд тулгуурлах ёстой. Авлига, нүүрсний хулгайг эв нэгдлээр хаацайлж болохгүй” гэсэн юм.
УИХ-ын дарга нүүрсний хулгайн асуудалтай холбогдсон нь үнэн гэдгийг Ерөнхий сайд ийнхүү дуулгаж, эвлэрэхгүй, тэмцэнэ гэдгээ зарлалаа. Үүний тулд УИХ-ын гишүүн Б.Энхбаяртай хүч хавсрахаар шийдсэн юм байна. Улмаар Ерөнхий сайд түүнийг ХЗДХ-ийн сайдаар томилуулах тухайгаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд танилцуулав. МАН-ын Бага хурлын өмнө Б.Энхбаяр гишүүн ноцтой мэдэгдэл хийж, 1980-аад оныхны бүлэглэлийг сөрж зогссоныхоо хариу шагналыг хүртэж буй бололтой. Бага хурлын хэсэг гишүүн түүнийг намаас хөөх санал гаргаж, эдүгээ гарын үсэг цуглуулж буй. Харин өнөөх нь хөөгдөх биш, дэвших нь тэр.
Ерөнхий сайдын эл мэдэгдлийн дараа УИХ-ын дарга ямар нэг хариу тайлбар өгөөгүй байна.
С.Уул