Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос 100 жилийнхээ ойн хүрээнд Англи улсад тойргийн башё зохион байгуулав. Лондон хотод таван өдөр үргэлжилсэн тус башёд дээд зиндаанд зодоглодог Монголын сүмочдоос Хошёорюү С.Бямбасүрэн, сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн болон Тамаваши Б.Мөнх-Оргил, Онокацү Б.Чойжилсүрэн, Оошёома П.Дэлгэрбаяр, Роога А.Амарсанаа нар хүч сорьсон. Тэднээс аваргын төлөө мэргэжлийн сүмогийн 74 дэх аварга Хошёорюү С.Бямбасүрэн 75 дахь аварга Оносатотой барилдаж, ялснаар тэргүүлсэн юм. Уг барилдаанд Тобизарү үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэв. Тэмцээнд бөх, ояката, засуул, үсчин зэрэг 124 хүн оролцсоноос 40 нь дээд зиндааны сүмоч байжээ. Английн Лондонд 1991 онд сүмо бөхийн үзүүлэх тоглолт анх хийснээс хойш 34 жилийн дараа “Royal albert hall” ордонд дахин зохион байгуулсан байна. Сүмочид Францын Парист ирэх оны зургаадугаар сард үзүүлэх тоглолт хийх аж.