Япон Улсад зохион байгуулсан “Айчи-Нагоя 2026” Азийн XX наадам өчигдөр өндөрлөлөө. Тус наадамд оролцсон манай тамирчид сүүлийн дөрвөн өдрийн тэмцээний бөхийн төрлүүдэд медалийн буухиаг үргэлжүүллээ. Жүдогийн төрөлд эмэгтэйчүүдээс Гавьяат тамирчин, 63 кг-ын жинд Л.Энхрийлэн БНСУ-ын тамирчин Ким Жисүг, 70 кг-д У.Анужин Энэтхэгийн Инунганби Тахеламбамыг, +78 кг-д А.Адъяасүрэн Узбекистаны Юмида Нигматоваг, эрэгтэйчүүдээс +100 кг-ын жинд ОУХМ Б.Гончигсүрэн Киргизийн Эмирхан Жолдошказиевийг ялж, хүрэл медалийн эзэд болсон юм. Түүнчлэн чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүдээс 53 кг-д Б.Отгонтуяа БНСУ-ын Пак Со Ёнгийг, 62 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Т.Алтжин Энэтхэгийн бөх Манси Ахлаватыг, эрэгтэйчүүдээс 86 кг-д ОУХМ О.Сүлдхүү Казахстаны Азамат Даулетбековыг буулган авч мөн хүрэл медалийн тавцанд зогссон. Тэгвэл сонгомол бөхийн төрөлд 97 кг-д Г.Ганхуяг хүрэл медалийн төлөө Туркменистаны Аманберди Агамаммедовыг илүүрхэн Азийн наадмаас 52 жилийн дараа эх орондоо медаль авчирсан түүхэн амжилт боллоо. Жиү жицүгийн төрөлд эмэгтэйчүүдийн 63 кг-д Б.Наранхишиг Филиппиний Лао Андрей Лоисыг ялж, хүрэл медальтнуудын тоог ахиулсан байна. Энэ удаагийн наадамд Монгол Улсын баг спортын таван төрөлд нийт 15 медаль (алт, мөнгө, 13 хүрэл) хүртсэн амжилтаар 27 дугаар байрт жагсжээ.