Мото спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн “World rally-raid championship (W2RC)-ийн “Rally3” ангиллын дэлхийн аварга боллоо. Ингэснээр тэрбээр дэлхийн ралли-рейдэд түрүүлсэн анхны монгол тамирчин болж буй юм. Уралдаан Мароккод есдүгээр сарын 28-наас аравдугаар сарын 3-нд Агадир-Загор чиглэлд болсон бөгөөд “Rally3” ангилалд 10 тамирчин өрсөлдсөн байна. П.Мөрөн ралли-рейдийн таван үе шатанд өрсөлдөхдөө нийт 2461 км зам туулж, эл амжилтын эзэн болжээ. Түүний аваргын цом авчирсан IV шатны гараа нь элсэн манхан, хад чулуу, элсэрхэг бартаат зам, өндөр хурд болон навигацийн сорилттой орчинд явагдсанаараа онцлогтой.
Сонирхуулахад, тэрбээр I шатанд 636 км зам туулан дөрөв, II шатанд 423 км-т хоёр, III шатанд 592 км хурдалж хоёр, IV шатанд 453 км “давхин” нэг, төгсгөлийн шатанд 357 км-т өрсөлдөж тусгай байр тус тус эзэлсэн байна.
Энэ талаараа тэрбээр “Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргаж, мото спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээлээ. Миний амжилт энд хүрээд дуусахгүй, дараагийн тамирчдадаа гүүр болж, Rally2, 3, GP зэрэг дэлхийн дээд түвшний ангилалд өрсөлдөж, медаль, цом хүртэх замыг нь нээж өгөхийг хүсэж байна” гэсэн юм.
М.Гэгээ