Жүдо бөхийн үндэсний шигшээ баг, “Гүрү дожо” дэвжээний тамирчин, өсвөр үеийнхний дэлхийн аварга Т.Ариунзаяа олон улсын тэмцээнд хүч сорьдог жингийнхээ тамирчдын хамгийн хүчтэй өрсөлдөгч нь. Тэрбээр Азийн АШТ-д 2025, 2026 онд зодоглон дэд байрт хоёр удаа шалгарч, шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсанаар Японд зохион байгуулсан “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадамд оролцож, Монголын багт анхны мөнгөн медалийг авчирсан билээ. Дээрх наадам өндөрлөсний дараа Азербайжан улсад насанд хүрэгчдийн ДАШТ эхэлсэн. Тэрбээр улсаа төлөөлж оролцохоор бүртгүүлсэн тул Баку хотыг зорьжээ.
ОЛОН УЛСЫН ШҮҮГЧ Т.ЭНХЦЭЦЭГИЙН УДИРДЛАГАД ЖҮДОГООР ХИЧЭЭЛЛЭЖЭЭ
Тэрбээр долоон настайдаа 2015 онд багшийнхаа шавь болсон цагаас 11 жил жүдотой нөхөрлөж буй. Нэг өдөр аав нь охиноо хөтлөөд чөлөөт бөхийн бэлтгэлийн заал руу оруулахад дасгалжуулагч нь харснаа “Таны охин хичээллэхэд нас нь арай бага байна. Том болохоор нь дагуулаад ирээрэй” гэжээ. Харин аав нь хичээллэх насанд нь хүртэл бие бялдрыг нь хөгжүүлье гээд жүдотой нөхөрлүүлэхээр шийдсэн аж. Өмнө нь шатар, гимнастик, төгөлдөр хуурын дугуйланд явсан түүнд дэвжээнд бэлтгэл хийсэн анхны өдрөөс жүдо таалагдаж эргэж буцахааргүй хөл тавьснаар багшийнхаа зөвлөснийг барилдаандаа хэрэгжүүлэхийг хичээдэг болсон юм. Тамирчны амьдралыг хүүхэд байхаасаа мэдэрч өссөн болохоор спортын талбар бодож байгаагаас нь амаргүй, тэмцээний үед шилдгүүдийн өрсөлдөөнөөс шалгарч үлдэх бүр ч хэцүүг тэр сайн мэднэ. Амжилт гаргахаар хичээх үедээ тамирчид унаж, босохыг алийг тэр гэх вэ. Хааяа халширч, шантарсан үедээ тамирчин хүн сэтгэлийн хат, хатуужил тэсвэрээр урагшилдаг болохыг ухаарч, гэрийнхнийхээ итгэл найдвар, дэмжлэг, өөрийн зорилго тэмүүллээ бодож даван туулдаг байна.
Түүнээс “Үеийнхнийгээ хараад тэдэн шиг өөрийн дураар тоглож, наадах сан гэж тэр үед боддог байсан уу” гэхэд “Ангийн нөхдөө аялал, зугаалгад явах үед би байнга бэлтгэлтэй байж таарна. Гэхдээ зорилго тавиад үүнийхээ төлөө тэмүүлж байгаа болохоор сайхан санагддаг байв. Өөртөө “Өнөөдөр бэлтгэлээ хийхэд тийм ч муу өдөр биш байна шүү” гэж урам өгдөг. Надад ДАШТ-ий медаль амархан ирээгүй. Алтан медаль хүртэхийн төлөө олон жил хөдөлмөрлөсөн. Медалиа зүүгээд зогсож байхдаа тууштай хичээллэсэн хичээл зүтгэлээрээ бахархаж байлаа. Чөлөөт цаг гарвал найзуудтайгаа кино үзэх дуртай. Хичээл, бэлтгэл, тэмцээн гэж завгүй явдаг болохоор нөхөдтэйгөө ховор уулздаг. Манайхан намайг эдийн засгийн мэргэжилтэй болгохыг хүсдэг. Тиймээс “Их Засаг хүмүүнлэгийн ухааны сургууль”-д сэтгэл судлал, эрх зүйч мэргэжлээр суралцдаг. Оюутан болоод удаагүй байгаа тул өмнөхөөсөө завгүй явах болсон” хэмээв.
ПЕРУГИЙН ДЭВЖЭЭНД ДЭЛХИЙН АВАРГА БОЛСОН НЬ
Түүний хувьд 2023 онд болсон ДАШТ-д медаль хүртэх зорилготой явсан ч тактик сайн боловсруулаагүй барилдсан тул өрсөлдөгчдөө хожигдож, сэтгэл дундуур ирж байв. Харин дараа жил нь өмнөх тэмцээнд гаргасан алдаагаа давтахгүйг хичээж, бодсон бүхнээ хэрэгжүүлэхээр Перу улсыг зорьжээ. Лима хотод 2024 онд болсон өсвөр үеийнхний жүдо бөхийн ДАШТ-ий 57 кг-ын жинд тэрбээр од шиг гялалзаж, дайчин, зоримог, шийдэмгий барилдаанаараа өрсөлдөгчдөө буулган авч түрүүлснээр дэлхийн шилдгүүдийн эгнээнд багтав.
Тус улс ДАШТ-ийг зохион байгуулсан нь бусад оронд жүдо хэрхэн хөгжсөнийг тамирчдынх нь ур чадвар, барилдах арга барил, туршлага, техникээс харахыг зорьсон гэхэд болно. Түүнийг анх хөл тавихад хөгжиж буй орнуудын нэг шиг санагдаж, бөхийн төрлүүдээс жүдо тийм ч сайн хөгжөөгүй нь тэмцээний эхний өдрөөс л анзаарагджээ. Эхний тойрогт таарсан Канадын тамирчин бяр тэнхээгээр илүү байсан ч төлөвлөснийхөө дагуу барилдаж хожив. Хасагдах шатанд Японы бөхтэй хүнд барилдаан өрнүүлсний эцэст ялж, хэсгийн аваргын төлөө Францын бөхтэй хүч сорихоор шалгарсан юм. Түүнийг торгуулиар хожиж, алтан медалийн төлөө өмнө нь гурван удаа таарсан өрсөлдөгчтэйгөө нүүр тулсан. Тэд дэвжээнд нэг бус удаа таарсан болохоор нэгнийхээ барилдах арга барилыг гадарлана. Зүүн талтай, хурдан хөдөлгөөнтэй, үүрч, жийдэг түүнийг мэх хийхээс нь өрсөж, үүрнэ гэсэн бодолтой барилдаж, тооцоолсон бүхнээ гарган, вазари үнэлгээгээр хожиж дэлхийн аварга болсон юм. Энэ тухайгаа “Миний хувьд өрсөлдөгчдөө сөхөж үүрэх мэхээр голдуу хождог. Дэвжээнд таарсан жүдочдоос Японы тамирчин хамгийн сонирхолтой барилдаан өрнүүлсэн. Өндөр, биерхүү түүнийг ялах үнэхээр хүнд байлаа. Эн тэнцүү барилдахын тулд өөрт байгаа бүхнээ шавхсан. Би аавынхаа зөвлөгөөг сонсох дуртай. Намайг ДАШТ-д явахын өмнө миний оролцсон тэмцээнүүдийн хожиж буй бичлэгийг нэгтгээд видео болгосноо харуулаад “Чи дэлхийн аварга болж чадна. Тийм хэмжээний эрч хүчийг өөрөөсөө зарцуулсан” гэж урам өгсөн. Бичлэгийг нь барилдахынхаа өмнө үзэж эрч хүч авдаг байлаа. Аавынхаа зоригжуулсан үгийг дэвжээнд гарах бүрдээ бодсон. Зорилгоо биелүүлсний дараа нуруун дээрх хүнд ачаа хөнгөрсөн мэт санагдаж, өөртөө “Би чадлаа” гэж хэлээд урт амьсгаа авсан даа” хэмээсэн. Перу Монголоос 13 цагийн зөрүүтэй. Тэнд дэлхийн найман гайхамшгаас Инкийн эзэнт гүрний эртний хот болох алдарт Мачу Пикчу бий. Тамирчдын хувьд цаг агаар, уур амьсгал, орчин нөхцөл, хоол хүнсэнд нь дасан зохицох амаргүй байсан тул тэмцээн өндөрлөсний маргааш наашилж, дээрх хотоор аялж, хөгжилтэй нь танилцах боломж гараагүй аж. Дэлхийн аварга болчихоод гэрийнхэнтэйгээ хурдан уулзаж, баярт мөчөө хуваалцах сан гэж бодох тусам цаг урагшлахгүй байсан гэдэг. Хоног тоолж, яарч ирсэн түүнийг эх орондоо ирэхэд нь олон хүн сэтгэл өндөр угтаж авсан юм.
ЯЛАГДАЖ БАЙЖ ЯЛАЛТЫН ҮНЭ ЦЭНИЙГ МЭДЭРДЭГ
Бидний яриа цааш өрнөж “Хорватын Загреб хотод 2023 онд болсон ДАШТ-ээс медальгүй сэтгэл гонсгор ирснээ дээр өгүүлсэн. Ялагдах муу зүйл биш шүү дээ. Таныг хурцалж, амжилтаас атгахад хөшүүрэг болсон ч юм бил үү” гэхэд “Тэр жил медалиас мултрахдаа “Дараа заавал авна даа” гэж өөртөө амалсан юм. Би ялагдахыг муу зүйл гэж боддоггүй ээ. Тамирчин хүн ялагдаж байж ялалтын үнэ цэнийг мэдэрдэг. Монголд ирсэн даруйдаа бэлтгэлээ шаргуу хийсэн. Нүдэнд ялагдал харагдаж, бодогдох бүрд өөрийгөө хурцалж, дайчилдаг байв. Өмнөх хоёр тэмцээн маш том сургамж болж, надад олон зүйлийг ойлгуулсан. Медаль хүртэж чадаагүйдээ өөрийгөө буруутгаж хэдэн сар сэтгэл зовнисон. Тиймээс сэтгэл зүйдээ анхаарал хандуулж, йог, бясалгалын Л.Буян-Од багштай хамтран ажилласан минь амжилт гаргахад багагүй нөлөөлсөн. Аавыгаа муухан дасгалжуулагчаас дээр гэж боддог. Тэмцээн сонирхож үзэхээс гадна тамирчдын бэлтгэл хийх үеийн сэтгэл зүйн байдал, хооллолт, амралт, сэргэлт, хувийн зохион байгуулалт, сахилга бат, чөлөөт цаг гээд амжилт гаргахад хэрэг болох бүх зүйлийг уйгагүй судалдаг. Би тэр үед Сүхбаатарын нэрэмжит нийслэлийн тэргүүний II сургуульд сурдаг байв. Манай сургуулийн хичээл 7.45 цагт эхэлдэг. Спортоор хичээллэдэг хүүхдүүд цаг сайн баримтална. Аливаа зүйлээс хоцрох дургүй. Тэгтэл аав “Чи 8.00 цагт хичээлдээ суугаарай” гэхээр нь “Хоцорч болохгүй шүү дээ” гэж яарахад албаар удаан яваад байлаа. Хэдэн минут хоцроод ортол сургуулийн захирал, багш нар, ангийн хамт олон баяр хүргэж, халуун дотно угтаж авсан. ДАШТ-д оролцохоор зун амралгүй бэлтгэл сургуулилалт хийсэн болохоор найз, нөхдөө үгүйлж, их санасан байж билээ” гэв. Дэлхийн дэвжээнээс гардсан алтан медалиа харах бүрд эрч хүч өгдөг болохоор шагналынхаа хамгийн дээр залсан байна. Түүнд үүнээс дутуугүй үнэ цэнтэй ирсэн медаль цөөнгүй бий. Хүүхэд байхдаа Улаанбаатар хотын жүдо бөхийн АШТ-д 32 кг-ын жинд анх оролцохдоо өөрөөсөө том биетэй өрсөлдөгчөө үүрэх мэхээр арай гэж ялж, хүрэл медаль хүртсэн аж. Өөртөө баймгүй их хүч, ухаан гаргаж хожсон нь дурсамж болж үлджээ.

АЛДАРТ ХҮ МИ МИТЭЙ ХҮЧ СОРЬЖ, МӨНГӨН МЕДАЛЬ ГАРДАВ
“Парис-2024” олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнд аваргууд гал гартал барилдсан. Тэдний нэг нь баярлан догдолж, нөгөө нь уйлж байхыг дэлхийн үзэгчид харж байлаа. Тэрбээр хоёр жилийн өмнө тус олимпын наадмын тэмцээнүүдийг зурагтаар сонирхож үзэж суусан. Жүдо бөхийн төрөлд эмэгтэйчүүдээс 57 кг-д БНСУ-ын тамирчин Хү Ми Ми аваргын төлөө Канадын жүдоч, дэлхийн чансааг тэргүүлэгч Криста Дэгүчид ялагдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Тэрбээр өрсөлдөгчдөө боломж өгөхгүйгээр өрсөж мэх хийдэг. Оноо авсан бол тэмцээний цаг дуустал маш сайн хамгаалдаг. Т.Ариунзаяа түүний барилдах ур чадвар, тактикийг хараад хойшид ингэж барилдвал надад ч зохих юм байна гэж санаа авжээ. ДАШТ-ий үед түүний тактикийг барилдаандаа боловсруулахаар хичээсэн гэдгээ ч өгүүлсэн. Тэгвэл Японд зохион байгуулсан “Айчи-Нагоя 2026” Азийн 20 дахь удаагийн наадамд 57 кг-д алтан медалийн төлөө хоёр хүчтэн учраа таарав. Дэлхийн аварга Хү Ми Митэй Монголын жүдоч, сүүлийн үед тив, дэлхийн тэмцээнд цахиур хагалах болсон Т.Ариунзаяагийн хэрхэн барилдах нь үзэгчдийн анхаарлыг хамгийн их татав. Бөхийн төрлүүдийн мэргэжилтнүүд түүний хүчтэй өрсөлдөгчийг хамгийн тэсрэлттэй, дайчин, техникийн гүйцэтгэл өндөртэй шилдэг тамирчдын нэг. Барилдааных нь арга барил Японы уламжлалт нарийн техник болон Солонгосын хүч, дайчин тактикийн нэгдэл гэж үнэлдэг. Тэрбээр “Довтолгоо бол шилдэг хамгаалалт” гэсэн зарчим баримталдаг. Тиймдээ ч барилдааны санаачилгыг эхнээс нь гартаа авдаг. Харин Т.Ариунзаяа зоримог, дайчин, техникийн өндөр мэдрэмжтэйгээрээ жингийнхээ бөхчүүдээс ялгардаг. Сууж үүрээд шидэх нь түүний дархан мэх. Тэрбээр өсвөр үеийнхний ДАШТ-ий алтан медалийн төлөөх барилдаанд Францын бөх Агати Алоуачег сууж үүрэх мэхээрээ базари үнэлгээ авч хожсон билээ. Хөдөлгөөний хурд, хугацааны нарийн мэдрэмж шаардсан угсраа мэхүүд болон тонгорох, хусах зэрэг үндэсний бөхийн суурьтай хөдөлгөөнүүдийг ч жүдогийн техниктэй чадварлаг хослуулдаг. Барилдааны цаг сунаж, цуцах үед улам дайчин болдог онцлогтой.
Гайхалтай барилдаан өрнүүлсэн тэдний өрсөлдөөн жүдогийн хөнгөн жингийн барилдаануудаас хамгийн их сонирхол төрүүлж байлаа. Барилдааны арвин туршлагатай, алдаа бараг гаргадаггүй түүнтэй манай тамирчин үндсэн цагт юүко үнэлгээгээр ялагдаж, мөнгөн медалийн тавцанд зогссон. Түүний амжилт Азийн наадмаас гардсан анхны томоохон шагнал төдийгүй Монголын жүдочдын ур чадварыг олон улсад харуулсан сайхан үйл явдал байв.