“Ковид-19”-ийн үед буюу 2020-2021 онд манай улс бусад орны жишгээр сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, бүх нийтээр хөл хорио тогтоосон билээ. Бидний хувьд цахимаар ажиллаж, суралцах тухай ойлголт шинэ байсантултэр хэрээр алдаа гаргасан. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчид онлайн хичээлийн туршилтын туулай болж, боловсролын чанар ч дагаад нуран унасан. Компьютер, гар утас, интернэтгүй хүүхдүүдийн хичээл бүрмөсөн завсардаж, байгаа хэдийнх нь ирээдүй дэлгэцийн цаана замхарсан. Үнэндээ цахим хичээл гэх нэр зүүсэн видео бичлэг, зурагт хуудас шинэ зууны сурагчдын хэрэгцээ шаардлагыг огтхон ч хангаагүй. Оромдож орсон цахим хичээлийн балгаар тухайн үед I, II ангид суралцаж байсан хүүхдүүд одоо ч эх хэлээрээ бүрэн дүүрэн уншиж чадахгүй байгааг юу гэх вэ. Цаашлаад цар тахлын жилүүдийн боловсролын чанарыг PISA олон улсын шалгалт гэрчлээд өгсөн шүү дээ. Хүүхдүүдийн унших хурд маш доогуур, уншсанаа ойлгох чадвар бүр “тэг заасан”.
Коронавирусний үеийн боловсролын хоцрогдлыг өнгөрсөн хугацаанд хэн ч арилгаагүй, алдагдсан цаг хугацааг хүүхдүүдэд нөхөж өгөөгүй. Энэ талаар ярих эвэртэн туурайтан ч гарч ирээгүй. Гэтэл өдгөө багш нар ажил хаячихсан, “Бие даалтын долоо хоног”-тойгоо нийлээд сургуулиуд түгжээтэй бараг хагас сар болох нь. Хичээл сургалт дахиад л тасарлаа. Эрх баригчид, боловсролын бодлого тодорхойлогчид багш нартай тохиролцож чадахгүй байсаар эцэстээ салбарын сайд нь нэг юм өчигдөр мэдэгдэл хийх шив. Ингэхдээ сайд П.Наранбаяр “Багшийн цалинг энэ онд 70 хувиар нэмж, үндсэн цалинг 2.5 сая төгрөгт хүргэх боломжтой. Хэлэлцээрийн ширээнд сууцгаая” хэмээн гуйх нь тэр. Тэрбээр өмнө нь багш нарыг анги даасны, кабинетын, гүйцэтгэлийн үнэлгээний, ажилласан жилийн нэмэгдэлтэйгээ нийлээд 3.8 сая төгрөг авдаг гэж худал хэлснийгээ өчигдрийн мэдэгдлээрээ ийнхүү нотолчихож байгаа юм.
Дахиж уулзахгүй мэт багш нарыг ингэж гөрдсөнөөс болж түмний олон хүүхэд сургуульгүй, гэртээ дэлгэц ширтэн, цоожтой хаалганы цаана харах хүнгүй хоцорсныг сайд, дарга нар даанч мэдэхгүй. Учир нь тэдний хүүхдүүд улсын сургуульд суралцдаггүй учраас энгийн ардын амьдралыг хэзээ ч ойлгохгүй л дээ. Тиймдээ ч өдий болтол багш нартай тохиролцохыг хүсээгүй биз. Адаг сүүлдээ цалин нэмэхийнтулд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хасахаас өөр аргагүй хэмээн ядарсан иргэдээ даапаалж, шантаажилж суугаа нь ямар хөөрхийлөлтэй вэ.
Хамгийн гол нь хариуцлагаас зугтсан төр засаг, ажлаа орхисон багш нарын балгаар Монголын ирээдүйн гэрэл бөхөж, харанхуй ангалруу хүүхдүүдийг бөөн бөөнөөр нь түлхэж буйгаас огтхон ч ялгаа алга. Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхээ ч эдэлж чадахгүй байгаа хүүхэд багачуудыг дээрээс нь нэрмээд тэтгэмжийн мөнгө рүү нь “гар дүрнэ” гэдэг бол эцэс төгсгөлгүй мунхаг, шунаг шийдэлгэхээс өөр яалтай. Багш нарт арай ч тийм цэвдэг сэтгэл үгүй гэж найдна. Эсцийн бүлэгт багшгүй, сургуульгүй, сурах бичиггүй “хаягдсан” хүүхдүүдийн алдагдсан боломж, цаг хугацааг хэн, хэзээ нөхөх вэ гэдэг асуулт хариултгүй үлдэж байгаа нь харамсалтай.