Сурагчид дугуйланд хамрагдах нь байтугай номын сандаа ч сууж чадахгүй байгаа талаар “Өнөөдөр” сонин одоогоос яг хоёр жилийн өмнө сурвалжилж байв. Хүүхэд, залууст зориулсан амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх сургалт, хөгжлийн төв, тав тухтай номын сан гэр хороолол болон хотын төвийн сургуулийн сурагчдын аль алинд нь ялгаагүй тулгамдсан асуудал болсныг хөндсөн билээ. Гэтэл үүнээс хойш хоёр жил өнгөрсөн ч энэ байдал дээрдсэнгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 32 дугаар хорооны нутагт байрлах ерөнхий боловсролын 137 дугаар сургуулийн анги танхим хүрэлцээгүйн улмаас урлаг заал, номын сандаа хүүхдүүд хичээллүүлж байна.
Одоо ч ийм байдалтай байгааг тус сургуулийн сургалтын албаныхан хэллээ. Номын сангийхан нь харин умгар өрөөнд ном, сурах бичгээ хурааж, 2-3 ширээ, хэдэн сандал тавьчихсан үйл ажиллагаа “явуулж” байгаа аж. Уг нь нэг ангийнхантай дүйцэх буюу 40 орчим хүүхэд нэг дор хамт олноороо ороод ном унших боломжтой уншлагын танхимтай байж. Харамсалтай нь 180 хүүхэд хүлээж авах хүчин чадалтай тус бага сургуульд 650 орчим сурагч сурч, даац нь хэд дахин хэтэрснээс л номын сангийн үйл ажиллагаа доголдож, стандартын дагуу ажиллуулах боломжгүй болжээ. Хүүхэд нэмэгдэхийн хэрээр номоо арвижуулж, үйлчилгээгээ сайжруулах байтал тэгсэнгүй. Багаасаа номын амтанд дурласан хүүхэд хэн нэгнээр хүчлүүлэхгүйгээр унших дадалтай болдог гэдэг. Гэвч эл сургуулийн багачуудад ийм боломж олдсонгүй. Сурагчид номын сандаа сууж хичээл, даалгавраа хийх дуртай ч ширээ, сандал олддоггүй байна. Ямар сайндаа номын санч нь ном таниулах өдөр, “Явуулын номын сан” зэргээр аргалж байх вэ. Мөн тус дүүргийн 85 дугаар сургууль ч анги, танхимын хүрэлцээгүйн улмаас номын сангийнхаа өрөөнд сурагчдыг хичээллүүлэх болж. Гурван ээлжээр, нэг ангидаа 50-60 хүүхэд чихэлдэн сурдаг сургуулиуд багш нарын өрөө, урлаг заал, номын сан зэрэг булан тохой болгоноо чөлөөлж, анги болгосон жишээ цөөнгүй.

ЗАРИМ СУРГУУЛИЙН НОМЫН САН НЭР ТӨДИЙ БАЙНА
2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын нийт 885 сургуулийн 815 нь номын сантай гэх мэдээллийг Боловсролын яамнаас өгөв. Өөрөөр хэлбэл, 70 сургууль огт номын сангүй гэсэн үг. Эдгээрээс төрийн өмчийн 705 сургуулийн 13, хувийн өмчийн 180 сургуулийн 57 нь номын сангүй байгаа юм. Үүнээс харахад сургуулиудын дийлэнх нь номын сантай, хүүхэд, багачуудыг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж буй мэт харагдавч газар дээр нь очоод үзэхээр нэр төдий байх нь цөөнгүй. Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20 хорооны 85 дугаар сургууль гэхэд 10 хүүхдийн суудал бүхий номын сантай гэж сургалтын тайланд бүртгэсэн байна. Гэтэл сурагчийн тоо нэмэгдэхийн хэрээр хичээллэх анги хүрэлцэхээ больж, номын сандаа төвхнөжээ. Мөн 137 дугаар сургуулийн номын сан цаасан дээр үйл ажиллагаа “явуулж” байна. Хүчин чадлаасаа даруй 3-4 дахин олон сурагчтай болсон тул тэднийг номын сандаа “шингээхээс” өөр аргагүйд хүрч. Энэ мэт нэр дээрээ номын сантай ч нидэр дээрээ уншлагын танхимгүй сургууль цөөнгүй байна. Ном журам, зориулалтын дагуу ашиглаж буй, эсэхийг ч хянах газар алга.
Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын орчны тайлан мэдээллээс харахад зарим сум, багийн сургуулийн номын сан 1-5 хүүхдийн суудалтай, 100-гаад номтой байх юм. Үүнийг сургуулийн номын сан гэж хэлэхэд хэцүү. Танин мэдэхүй, шинжлэх ухаан, уран зохиолын гэхээс илүүтэй сурах бичиг давамгайлах жишээний. Хүүхэд, залуусын уншихыг хүсэж буй, борлуулалтаараа тэргүүлдэг бүтээлүүд сургуулийн номын санд нүдний гэм. “Амьтай” байж л хүүхэд, багачуудын нүд, сэтгэлийг баясгаж, хүсэл мөрөөдлийнх нь “галыг” асааж, мэдлэгийг нь тэлж, оюун ухааныг нь задлах номын сангууд эхнээсээ ийн “амь тавьж” байна. Үүнд Боловсролын сайдаас эхлээд шийдвэр гаргах түвшиндээ анхаарал хандуулах цаг болжээ. Нийтээрээ шахуу номын сантай байхад нэг сургуулийн асуудал хамаагүй гэж орхигдуулж үл болно. Тэнд хэчнээн сурагчийн ном унших, номын сангаараа үйлчлүүлэх эрх хөндөгдөж буйг санах хэрэгтэй. 70 сургууль огт номын сангүй байгаа нь анхаарах асуудал зайлшгүй мөн. Гэртээ хичээл, даалгавраа хийх боломжгүй, эсвэл илүү ихийг сурах, ном шимтэн уншдаг хүүхэд, багачуудад номын сан хам гийн хэрэгтэй. Гэрээсээ ойр, аюулгүй орчинд ном уншиж, тархиа цэнэглэх боломжийг хүүхэд бүр тэгш хүртэх ёстой. Түүнээс анги, танхимын хүрэлцээ байхгүй гээд номын сангийнхаа хаалгыг бариад ном, сурах бичгийг нь хайрцаг саванд хийгээд хураачхаж боломгүй. Энэ мэт суух сандалгүй, олигтой номгүй, хүүхдэд гэрээр ном олгодоггүй, тогтмол ажилладаггүй, сургуулийн номын сан гэх сайхан нэрнээс цаашгүйн горыг сурагчид амсаж байна. Ялангуяа, алслагдсан сум, баг, хорооны хүүхэд багачуудын мэдэх эрхийг зөрчиж буй юм. Номын сангийн орчин нөхцөл, хүрэлцээ, стандарт, бүтээлийн нэр, төрөл гээд яривал хэчнээн нь шалгуур хангах бол. Улсын хэмжээнд нийт 766 номын санч ажилладаг юм байна. Хэдийгээр зарим сургууль номын санг нь зайчилж, уншлагын танхимгүй болгосон ч номын санчдыг арай “хөөчихсөнгүй” бололтой.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оын А/100 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм” баталсан. Тус дүрмийн 2.1.2-т суралцагч бүрд тэгш боломж олгосон чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэх, 2.2.10-т багш, суралцагчийн сурч хөгжих, хамтран ажиллах, мэдээлэл авах үйлийг дэмжихэд чиглэсэн номын сангийн үйлчилгээ үзүүлэх гэж заажээ. 2014 оны Номын сангийн тухай хуульд “Бүх шатны боловсролын байгууллага сургалтын номын сантай байх бөгөөд энэ нь багш, суралцагчийн сурч, хөгжих үйл явцыг дэмжихэд чиглэсэн үйлчилгээ үзүүлнэ” гэжээ. Гэвч хуулийг хэрхэн хэрэгжүүлж буйд хяналт байхгүй тул номын сангүй сургуулиудад анхаарах газар алга. Сургуулийн номын сангийн фонд баяжуулах урсгал зардлыг улсаас тусгайлан олгодоггүй аж. Тухайн сургууль урсгал зардал дахь сургалт, хэрэглэгдэхүүний багахан санхүүжилтээсээ л илүүчилдэг гэнэ. Ихэнхдээ хандив тусламж, дотоодын болон олон улсын төсөл, хөтөлбөр, орон нутгийн төсвөөр л гал алдчихгүйхэн шиг өнөөдөртэй золгожээ. Сургуулийн номын санд сурагч багачуудад зориулсан гэхээсээ илүү сум, хорооны ой, тэмдэглэлт баяр, хэн нэгний намтар түүх голцуу ном тааралддаг нь ч төсөв мөнгөгүйтэй нь холбоотой.

АЛГА ТАШДАГ ЦАГ АРД ХОЦОРСОН
Манай улсад хүүхдийн гэх тодотголтой бүхэнд хөрөнгө, сэтгэл дутдаг. Хүүхэд юм чинь яах вэ гэх явцуу, үл тоосон хандлага газар сайгүй. Саяхан Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул гэр хороололд амьдарч буй хүүхдүү дэд зориулж, зөөврийн номын сан барьж өгөхөөр болсон нь цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулаад буй. “Magic box” буюу “Шидэт хайрцаг” зөөврийн номын сан нь хүүхдүүдэд тав тухтай, дулаан орчинд сурч хөгжих, чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж олгож, өдөр бүр нээлттэй үйлчилнэ гэж тус дүүргийн цахим хуудсанд онцолсон байна лээ. Өвлийн тэсгим хүйтэнд төмөр чингэлгийг дулаан байлгахаас эхлээд тэнд өдөр бүр тогтмол ажиллах хүн хэрэгтэй болох нь. Хүүхдүүд зориод очиход хаалттай байж болохгүй биз дээ. Ингэж чингэлэгт хэдэн ном тавиад номын сан гэж сэтгэл хуурахын оронд хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хөгжлийн ордон барьж өгөхийг төр, засгаас шахаж шаардмаар байна. Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахад хяналт тавьж, хойч үедээ үлдэх үнэ цэнтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг иргэд хүсэж байна. Түүнээс түмний хүүхдийг төмөр чингэлэгт ном унш гэчхээд өөрсдөө тансаг ордонд тухалж суухаас ичих хэрэгтэй.
Зөөврийн номын санг тус дүүргийн 10, 20 дугаар хороонд байршуулах гэнэ. Тодруулбал, эл чингэлгийг засаж, чимэглэж, дулаалсны дараа Дэнжийн мянга, Баянхошуунд аваачих юм байна. Энэ талаар 10 дугаар хорооны зохицуулагч “Дэнжийн мянгын долоодугаар гудамжинд зөөврийн номын сан байрлуулах газраа бэлдсэн. Одоогоор байршуулаагүй байна” гэв. “Хотын төвөөс алслагдсан газарт хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа хомс, чөлөөт цагаа өнгөрөөх орчин нөхцөл бүрдээгүй тул сурч хөгжих эрх нь хангагдахгүй байна. Иймд номын сантай болгож өгөөч” гэх хүсэлтийг дээрх хорооны иргэд дүүргийн Засаг даргадаа уламжилсан аж. Эл хүсэлтийн дагуу ийм “номын сан”-г нээх гэнэ. Ингэхдээ тууз хайчлахгүй гэж найдъя. Хүүхэд багачуудад зөөврийн гэхээс илүү тав тухтай, аюул эрсдэлгүй орчин бүхий номын сан хэрэгтэй. Ядаж л тус хорооных нь сургуулийн номын санг тохижуулах, фондыг нь арвижуулахад анхаарсан бол амьдралд ойр байлаа. “Шидэт хайрцаг” төслийг CU болон “Премиум Нэксус” компани санхүүжүүлэх гэнэ. Төсөв хөрөнгө гаргаад хүүхдийн хөгжил, боловсролд хувь нэмэр оруулах гэж байгаа нь сайн хэрэг ч хүүхдүүдийг чингэлэгт ном уншуулна гэж төсөөлсөн нь “гайхалтай”. Хүүхдэд ээлтэй, тэгш боломж олгосон бүтээн байгуулалт хэрэгтэй болохоос “хоногийн настай” бусдад таалагдах гэж дүр эсгэсэн энэ мэт зүйлд алга ташдаг цаг ард хоцорсон. Хүжийн галд ном уншдаг үе ул болсныг эрх мэдэлтнүүд мартчихав уу. Хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ дээ.
Ч.Цэлмэг