Ноён Нолан ярилцлагын нэвтрүүлэгт оролцож байж л дээ. Гэтэл нэгэн үзэгч “Миний амьдрал яг л Кристофер Ноланы кино шиг. Юу гээч нь болоод байгааг би огтхон ч ойлгодоггүй” хэмээсэн зурвас илгээж. Харин тэрбээр “Үгүй дээ, ойлгох гэж бус, мэдрэх гэж хичээ” гэсэн юм. Түүний эл үг бол урлагийг логикоор биш, мэдрэмжээрээ танин мэд гэсэн санаа. Америк соёлын “бэлгэ тэмдэг” Квентин Тарантино, амьдралын парадоксыг хүчтэй дүрслэгч Бонг Жүн Хо, Пак Чан Үг, өнгөний онцгой зохицол, меланхолик уур амьсгал бүхий Вес Андерсон, эмэгтэйчүүдийн ертөнцийг илчлэхдээ “мэргэшсэн” Грета Гервиг, үзэсгэлэнтэй хийгээд “этгээд амьтан” Гильермо дель Торо нарын уран бүтээлийг өнөөгийн бид үзэж, сонирхож, нэгэн цаг үед хамт амьдарч байна. Кино хүмүүст урлагийн охь шимээс хүртэх, зүгээр л зугаацах, мэдрэхээс эхлээд их олон зүйл бэлэглэдэг билээ. Харин шинжлэх ухааны ярвигтай онолоор кино бүтээгээд зогсохгүй, зарим хүний хувьд цоо шинэ ертөнцийг нээгч нэгнийг энэ удаагийн “Кино сонин” буландаа онцолж байна. Тэр бол кино найруулагч, зохиолч, цаг хугацааны “инженер” гэгдэх Кристофер Нолан.
Тэрбээр 1970 оны долоодугаар сарын 30-нд Британийн Лондон хотын Вестминстер дүүрэгт төржээ. Түүний эцэг Брэндан Нолан зар сурталчилгааны агентлагт ажилладаг Ирланд гаралтай хүн байсан бол эх Кристина нь АНУ-ын Чикаго хотод уран зургийн багшаар ажилладаг, кино сонирхогч эмэгтэй байв. Багаасаа хоёр улсын дунд амьдарсан нь түүний уран бүтээлд хоёрдмол бодит байдал, цаг хугацааны бүтэц дүрслэгдэх шалтгаан болсон төдийгүй зургаан настай байхад нь түүний аав “Super-8” хэмээх жижиг гар камер авч өгснөөр бяцхан Кристофер кино хальс, дүрсний гайхамшгийг өөртөө нээсэн хэмээн ярьжээ. Энэ талаараа тэрбээр “Би ямар нэгэн зүйл бүтээхгүй л бол оршихгүй мэт санагддаг байсан” гэж. “Оддын дайн” (Star wars, 1977), “Сансрын Одиссей” (2001: A Space Odyssey, 1968)-г дахин дахин үзэхдээ өөрийгөө шинжлэх ухаанд сонирхолтой гэдгээ мэдэж, хожим “University College London”-гийн Англи хэл, утга зохиолын ангид суралцаж төгсөөд жижиг кино төслүүд, богино хэмжээний бичлэгүүдэд найруулагчаар ажиллаж эхэлсэн байна.
Кристофер анх 1998 онд “Following” хэмээх цомхон төсөв бүхий, хар-цагаан бүрэн хэмжээний бүтээл найруулж, эвлүүлгээс эхлээд бүгдийг нь л өөрөө хийж. Энэ үедээ тэрбээр эхнэр Эмма Томастай танилцаж, “Syncopy Inc”-ийг байгуулаад байсан аж. Удаах кино “Мөч” (Momento, 2000) нь Кристоферын дүү Жонатаны зохиол бөгөөд тэрбээр үүнийг бичих явцдаа шинжлэх ухааны ойлголтоо гүнзгийрүүлэх үүднээс Калифорни мужийн Технологийн их сургуульд харьцангуйн онол судалж байсан гэнэ. Ноланы эл кино тухайн үедээ Акедемийн шагналд нэр дэвшиж, олон нийт түүнийг найруулагч гэдгээр нь таних эхлэл болсон аж. Тэрбээр саяхныг хүртэл “Оскар”-т зургаан удаа нэр дэвшсэн ч академийн шагнал хүртэж байсангүй. Харин 96 дахь удаагийн эл наадмаас атомын бөмбөгийн “эцэг” гэгдэх Жулиус Роберт Опенхаймерын тухай өгүүлэх “Опенхаймер” киногоороо нийт долоон төрөлд ялалт байгуулсныг уншигчид санаж буй биз.
Шинжлэх ухаанч санаагаар дүүрэн “Одод хооронд” (Interstellar, 2014) багагүй шуугиан тарьсан. Мөхлийн ирмэгт ирсэн дэлхийн орон зай, цаг хугацаа, хайр, хүн чанарын тухай өгүүлэх тус бүтээлийн гол дүрийн баатар Күүпер хүн төрөлхтнийг аврах зорилгоор Санчир гаргийн ойролцоох хар нүх рүү орон зайн хонгилоор дамжин шинэ гараг хайх эрэлд гардаг. НАСА-гийн нисэгч байсан Күүпер эл гаргийн судалгааг үргэлжлүүлэх багийн бүрэлдэхүүнд багтаж, хүүхдүүдээ дэлхийд үлдээгээд сансрын аялалд гарснаар адал явдал эхэлнэ. Уг кинонд онолын физикийн ойлголтыг тун бүтээлчээр гаргасныг судлаачид эергээр үнэлдэг байна. Уг киноныхоо тухай тэрбээр “Квантын физикт энергийн долгионоос энерги гаргадаг учир физикт ч ид шид бий . Физик бол миний амьдралд олдсон гайхалтай боломжуудын нэг. Гэхдээ үзэгчид үүнийг заавал ойлгох гээд байх хэрэггүй. Мэдрэхэд л хангалттай” гэсэн юм.
Харин “Харанхуйн хүлэг баатар” (The dark knight, 2008)-ын Жокерын дүр хүн төрөлхтний кино урлагийн “од” билээ. Энэ дүрд ажилласан Хит Лежер Жокерт хэт автсанаасаа болж хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэтрүүлэн хэрэглэж, амиа алдсан юм. Үүний дараа “Харанхуйн хүлэг баатрын сэргэлт” (The dark knight rises, 2012) гарахад уг бүтээлээр “өвчилсөн” нэгэн оюутан кино танхимд байсан үзэгчид рүү автомат буугаар шүршсэн цочирдом хэрэг гарч байв. Бодит амьдрал болон зүүдний хил хязгаарын холбоо болох “Оршил” (Inception, 2010) мөн л гайхамшигт бүтээлд тооцогддог.
Энэ мэт ланжгар бүтээлүүдийн эзэн Кристофер “Би зохиолоо бичихдээ тухайн бүтцээ сайтар ойлгосны дараа л эхэлдэг, сүүлд нь хэзээ ч нэмэлт засвар оруулдаггүй. Кино бол хамгийн уламжлалт үзэл, бүтэцтэй урлагуудын нэг гэж би боддог. Роман, жүжгийн зохиолтой харьцуулахад киног бүтцээр нь их хатуу шүүмжилдэг шүү дээ. Телевизийн шоу нэвтрүүлгийн нөлөө киноны бүтцийг хялбар, шугаман хүүрнэмжийн хэлбэртэй болгосон. Гэвч бид DVD, стрийминг гэх мэт шинэ технологитой ажиллах болсон энэ цаг үед кино урлаг тодорхой бус, нарийн төвөгтэй байдлаар цэцэглэн хөгжиж байна гэж хардаг шүү” хэмээжээ. Түүнчлэн “Ерөнхийдөө зураг авалт дуусаж, киног зохих түвшинд хүртэл миний хийдэг ажил бол ердөө багийнхандаа итгээд хүлээх. Эвлүүлгийг надтай олон жил хамтран ажиллаж буй гайхалтай уран бүтээлч Ли Смит гардан явуулдаг. Бид үргэлж л санаа нэгтэй ажилласаар ирсэн. Зураг авалтын үеэр би юу ч хасдаггүй. Зургаа аваад л завгүй байдаг. Ли өөрийнхөөрөө эвлүүлгээ хийж, би түүнд нь асуудал л гарахгүй бол оролцдоггүй” гэсэн нь эдгээр бүтээлийн цаана түүнтэй гар нийлж ажилладаг, тогтсон мэргэжилтнүүд байдаг гэдгийг харуулж буй. Ингээд бараг л “Ноланы жүжигчин” гэх тодотголтой болсон уран бүтээлчид түүний талаар хэрхэн өгүүлснийг хүргэе.
Д.Сэлэнгэ